“Бүжгэн жүжигчид маань шинээр хөглөгдөж байна”

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

“Бүжгэн жүжигчид маань шинээр хөглөгдөж байна”

“Бүжгэн жүжигчид маань шинээр хөглөгдөж байна”

Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон Улсад мэргэжлээрээ ажиллаж буй монголын балетын жүжигчид маань орчин үеийн контемпорари бүжгэн жүжгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулахаар санаачилжээ. Уг тоглолтын бүжгүүдийг дэглүүлэхээр Японы бүжиг дэглээч Жо Фунакиг урьсан бөгөөд тоглолтоо энэ сарын 18-ны өдөр “Корпорэйт Конвеншн Центр”-д хийх гэж байна. “Хязгаараас ангид” нэртэй тоглогдох орчин үеийн контемпорари модерн тоглолтын арын албанд зохион байгуулагчаар ажиллаж буй Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгтэй бэлтгэл сургуулилт, тоглолтын талаар ярилцлаа.


-Сайн байна уу. Та уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Намайг Хоролдаваагийн Гэрэлчимэг гэдэг. 1981 онд тэр үеийн ЗХУ-ын Ленинград хотын Балетын академийг төгссөн. Дуурь, бүжгийн эрдмийн театрт 33 жил ажиллахдаа гоцлол бүжигчин, дасгалжуулагч багш, туслах найруулагч гэсэн албан тушаал хашиж байлаа. Одоо бол хувиараа бүжгийн сургууль ажиллуулж байна.

-Балетын модерн төрлөөр тоглолт хийх энэ санаа хаанаас хэрхэн ургаж гарав?

-Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Японд ажиллаж, амьдарч байгаа балетын жүжигчдээс Монголдоо УДБЭТ-т ямар тоглолт хийх хүсэлтэй байгааг нь асуусан юм билээ. Тэнд байгаа манай жүжигчид хоорондоо ярилцаад дандаа нэг хэв маягтай бус өөрөөр хэлбэл сонгодог бус тоглолт хийхээр тохиролцсон юм байна. Тэгээд Японы бүжиг дэглээчийг Монголдоо авч ирээд модерн контемпорари бүжгэн жүжиг тавьяа гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд манай залуучууд “Контемпорари тоглолт зохион байгуулмаар байна, та хамтарч орох уу. Танд энэ тоглолтыг зохион байгуулах боломж байна уу” гэсэн санал тавьсан. Би энэ саналд шууд “тэгье, яагаад гэвэл энэ манайд хэрэгтэй” гээд ажилдаа шаргуу орсон.

-Контемпорари бүжгийн талаар тайлбарлаж өгөөч?

-Манай улсад балетын урлагийн сонгодог тал нь илүү хөгжсөн. Яг энэ контемпорари төрөл Ази руу хүчтэй орж ирж байгаа. Монголд энэ төрлөөр бүтээл гаргана гэхэд эргэлзэх, түгших байдал надад байсан. Яагаад гэвэл энэ төрөл нь өөрөө маш чөлөөтэй, мэдрэмжтэй байх ёстой. Зөвхөн хөдөлгөөндөө бус дотоод мэдрэмж, сэтгэхүйгээ чөлөөлж, хязгааргүй орчныг бий болгож байж контемпорари бүжиг бий болдог. Өнөөдрийн байдлаар бүжиг дэглээч маань туслах найруулагчтайгаа цуг ирчихсэн байна. Хамгийн гол нь жүжигчдээс бүжиг дэглээчийн нэхээд байгаа мэдрэмж, хөдөлгөөний эвсэл ондоо. Жишээ нь хөгжим нь ойлгоход хэцүү, их сонин. Сонгодог бүжиг хайрцаглачихсан, баригдмал байдаг. Гэтэл контемпорари дээр нэг хөгжим л яваад байгаа юм шиг надад сонсогдож байгаа юм. Сонгодог бүжиг дэглэхдээ нэг, хоёр, гурав, дөрөв гээд хайрцаглагдсан байдаг бол энэ бүжиг дээр нэг, хоёр, гурав, дөрөв, тав гэснээ найм болоод, наймаасаа буцаад долоо, зургаа гэх мэтчилэн тоолж байх жишээтэй. Тэгэхээр сонгодог бүжиг, орчин үеийн бүжиг хоёрын ялгаа эндээ байгаа.

-Японоос хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд байна вэ?

-Одоогоор бүжиг дэглээч Жо Фунаки өөрийн эхнэртэйгээ ирсэн байна. Эхнэр нь мөн энэ тоглолтод оролцоно. Мөн УДБЭТ-т гоцлол бүжигчин байсан А.Хангай нарын хүмүүс одоогоор ирээд байна. Араас нь манай дуурийн театрт олон жил бүжиглэсэн Саяака Ябута, Б.Батболд, О.Лхагвасүрэн нар ирнэ. Ингээд нийтдээ зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг энэ тоглолтод оролцохоор Японоос ирж байгаа юм.

-Тэгэхээр энэ тоглолтод сонгодог балет тоглохгүй юм байна?

-Цэвэр сонгодог балет бол тоглогдохгүй. Дандаа орчин үеийн контемпорари бүжгүүд тоглогдоно. Тоглолт маань хоёр үзэгдлээс бүрдэж байгаа. Эхний хэсэгт Сергей Ванаев гэж ОХУ-ын бүжиг дэглээчийн бүтээлээс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголд анх удаа бүжиглэх гэж байна. Хоёр дахь хэсэгт Жо Фунакигийн өөрийнх нь тавьж байгаа “Хязгаараас ангид” жүжиг тоглогдоно.

-Найруулагч нь бүжгээ өөрөө дэглэж байгаа гэдгээрээ бас онцлог уу?

-Бүжиг дэглээч нь өөрөө байгаад бүжгээ тавьбал жүжигчид тэр хүний хэлэх гээд байгаа санааг маш сайн мэдэрдэг. Учир нь дэглээч нь бүх номеруудаа өөрөө бүжиглэж үзүүлж байгаа юм. Жишээ нь “Энэ хөдөлгөөнөөр үүнийг илэрхийлэх гээд байгаа юм. Энэ хөгжмийг ингэж сонсох ёстой, ингэж тоолох ёстой” гэдэг ч юм уу. Харин хуулбар номерууд их хүйтэн юм болдог. Яагаад гэвэл бүжиг дэглээчийн хэлэх гээд байгаа зүйлийг гүйцэт илэрхийлж чаддаггүй.

-Манайд өмнө нь контемпорари модерн төрлийн бүжиг тавигдаж байсан уу?

-Урьд нь манайд контемпорари тавигдаж байсан. Тавьж байгаагүй гэж хэлж болохгүй. Энэ тоглолт бол манайд хоёр дахь нь гэж хэлж болно. Бид өөрсдийнхөө хийж байгааг яриад, өмнө нь хийж байсан зүйлээ үгүйсгэж болохгүй. Урьд нь оролдлого хийж байсан. Яагаад гэвэл нэг зүйлээс шилжихэд их хэцүү. Сонгодог бүжиг бүжиглэдэг хүн контемпорари модерн бүжиг рүү шилжихэд тун хэцүү. Сая Жо Фунаки ирээд уран бүтээлчдээ өөрөө сонгож авч байгааг харлаа. Тэр хүн туршлагатай, олон жил ажилласан гэж харгалзахгүйгээр огт өөр байдлаар бүжигчдээ сонгож авсан. Тэгэхээр энэ контемпорари урсгалд огт өөр хүмүүс шаардагдаж байна. Бид үүнийг бас хараагүй л явсан байна. Сайн багшаас сайн шавь төрнө гэдэгтээ биш ямар бүжигчин болох вэ гэдэг нь хувь хүнээс л шалтгаалдаг юм байна.

-Бүжиг дэглэхэд ямар нэг бэрхшээл тулгарсан болов уу?

-Жо Фунаки дөнгөж ирээд бүжгээ туршиж үзэхдээ сэтгэл дундуур байсан. Сэтгэлд нь нийцэхгүй байсан учраас бидэнд ч гэсэн их хэцүү байсан л даа. Гэвч энэ хүн уран бүтээлчидтэйгээ ярилцаад, юу хийх гээд байгаагаа ярилцаад эхлэхээр манай хүүхдүүд ойлгоод ирсэн. Өдрөөс өдөрт хүүхдүүдийн маань чадвар эрс өөрчлөгдөж байгаа нь харагдсан. Үүнд би маш их баярлаж байгаа. Хүүхдүүдэд маань үүнийг ойлгуулах сургалтын систем хэрэгтэй юм байна гэдэг нь харагдсан. “Та нарт театр чинь байна, цалин байна. Европ, Азид сургууль төгссөн ч ажлын байргүй хүмүүс олон байна. Тэгэхэд та нарт бүх юм чинь байхад хүсэл чинь байхгүй байна” гэж хэлж байсан. Тэр үг манай хүүхдүүдийг маш их хөглөсөн.

-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье.

-Баярлалаа. Ямар нэг уран бүтээлийн эцсийн шүүмж, дүгнэлтийг үзэгчид өгдөг. Тоглолтыг зохион байгуулж байгаа хүний хувьд нэг юмыг онцолж хэлмээр байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ үед тоглолтыг маань ивээн тэтгэж байгаа бүх албан байгууллага, хүмүүст маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Урлагт өгсөн итгэл, сэтгэл, зүтгэлийн чинь хариуг энэ уран бүтээлээрээ хариулна. Та нарт хязгааргүй их баярлаж явдаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж