Орчноо цэвэрлээгүй бол шаардлага тавиарай

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

Орчноо цэвэрлээгүй бол шаардлага тавиарай

Орчноо цэвэрлээгүй бол шаардлага тавиарай

 

Өвлийн эхэн сар эхэлж буй энэ өдрүүдэд Улаанбаатар хот маань бүхэлдээ мөсөн гулгуурын талбай мэт болжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч, хүйтний  эрч чангарах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулж байгаа. Өчигдөр /2017.11.06/ өглөөнөөс орой хүртэл үргэлжлэн орсон их хэмжээний цасны улмаас гудамж, талбай цас, мөсөнд дарагдаж, хаа сайгүй халтиргаа, гулгаатай байна. Харин та, таны ажилладаг албан байгууллага, таны амьдардаг Сууц өмчлөгчдийн холбооныхон хайлсан цас, мөс, шавар шавхайг цэвэрлэж, өөрсдийн болон бусдыг халтирч унахаас сэргийлэхийн тулд юу хийсэн бэ? Юу хийх ёстойгоо хэр мэдэх вэ?

Жил бүрийн өвөл мөстсөн замд халтирч унасны улмаас бэртэж, эмнэлэг зорих үйлчлүүлэгчдийн тоо буурдаггүй. Тэгвэл бусдыг болон өөрсдийгөө гэмтэл, бэртлээс хамгаалахын тулд бид бас хүлээсэн үүрэгтэйг сануулъя. 

2012 онд гаргасан нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх тухай журам байдаг. Цас орсны дараа ихэнх байгууллагга зөвхөн үүдний хэсгээ цэвэрлээд орхичих нь элбэг. Энэ байдал өчигдөр, өнөөдрийн цаснаар ч ажиглагдаж л байлаа. Ялангуяа олон хүн үйлчлүүлдэг банк, эмнэлэг, үйлчилгээ, цайны газар, ресторанууд энэ журмыг бүгд мөрдөж чадвал хотын төв хэсэг цасгүй, халтиргаагүй байх боломжтой, ТҮК-ийн ажилчдын ачааллыг хөнгөлөх давуу талтай юм. 

Хотын төвд байрлалтай City tower-ын гадна өнөө өглөө  20 гаруй ажилчин мөстөж, хөлдсөн гаднах талбайгаа цэвэрлэж байлаа. Барилгын ойр орчим бүхэлдээ мөстсөн байдалтай байх бөгөөд ажилчид хамгийн түрүүнд нийтийн эзэмшлийн талбайд багтах явган хүний зам, машины зогсоол зэргийг цэвэрлэж байлаа. 

Тусгаар тогтнолын ордны өндөр шаттай хэсгийг өглөө эртлэн цэвэрлэж эхэлжээ. Эргэн тойронд нь хальтиргаа үүсэхээр талбайтай хэсэг байгаа тул үйлчилгээний ажилчид ээлж ээлжээр ажиллаж байв. 

Энэ хавьд үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн зохицуулагч, ахлах ахлагч Д.Намнансүрэн “Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Халтиргаа гулгаа ихэссэн учраас машины хөдөлгөөн удаашралтай байна. Үүнээс үүдээд замын түгжрэл өчигдрөөс хойш эрс нэмэгдсэн. Жолооч нарт хандаж, өвлийн бэлтгэлээ базааж, дугуйгаа солихыг зөвлөмөөр байна. Зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноос болоод аваар осол их гарч байна’ гэдгийг сануулав. 

Харин “Blue sky” зочид буудал өнөөдөр 10.40 цаг болтол гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй байв. Уг нь энэ хавь олны хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс буудал хооронд алхаж явдаг, талбайн өмнөх гол хэсэг. Зочид буудлын үйлчилгээний ажилчдаас гаднах талбайнхаа цасыг хэзээ цэвэрлэх талаар асуухад ‘Би энэ талаар сайн мэдэхгүй. Манай менежерээс асуугаарай’ гэв. Гэхдээ менежер нь хуралтай байж таарлаа. 

Иргэд бид ийм тохиолдолд албан байгууллага, үйлчилгээ эрхлэгчдэд үүргийг нь сануулахад илүүдэхгүй юм. 

Жишээ нь, дээрх зочид буудлын хажуугаар алхаж яваа иргэдээс ‘Албан байгууллагууд гаднах талбайн цас, мөсөө цэвэрлээгүйн улмаас та бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцдаг тухай заалт байдгийг мэдэх үү?’ гэж асуухад ‘Мэдэхгүй. Халтирч унасан  ч босоод явахаас өөр аргагүй байдаг’ гэж нэг бус хүн хариулав.

Харин хотын хамгийн том, өндөр, сүрлэг зочид буудлын хажууханд байрлах “Цагаан шонхор холдинг” компанийн хими цэвэрлэгээний газар өнөөдөр өглөө эртлэн гаднах  шат, үүд орчмын гөлгөр хавтангаа цэвэрлэж, хүмүүсийг  халтирч унахаас сэргийлэн, хивсэнцэр нааж байв. Сайшаалтай хэдий ч заавал цас орохыг хүлээж, шавар шавхай, хальтиргаа гулгаа үүссэн хойно нь ажил болдог энэ байдлаа бид хаа хаанаа засмаар санагддаг.

Тохижилт үйлчилгээний компанийн үйлчлэгч Д.Мөнхжаргалтай энэ хавьд таарч, товч ярилцлаа. Тэрбээр ‘Төв номын сангийн ойр орчмоос цас, мөс цэвэрлэж байна. Эндээс Арслантай гүүр хүртэлх газрыг цэвэрлэнэ. Замын эсрэг талаас манай ажилчид зэрэг цэвэрлэж байгаа” гэв.

Цас цэвэрлэх, оршин суугч, иргэдийн аюулгүй байдлыг хангахад Сууц өмчлөгдийн холбоо буюу СӨХ-ийнхөн мөн хамаатай. Өнөөдөр өглөө олон хүмүүс байрны эргэн тойрны цас, мөс хүн явахын аргагүй болж, хөлдөж, гялаасан тухай ярьж байв. Сүхбаатар дүүрэг дэх ‘Дөчийн анхдагч’ СӨХ-ийн хувьд өнөөдөр өглөө хоёр үйлчлэгч, нэг техникчээ дайчлан эхлээд сул цасыг цэвэрлэх, дараа нь мөстсөн хэсгийг хүрзээр цэвэрлэхээр ажилдаа гараад байлаа. 

Байгууллагууд хэдий орчин, тойрноо цэвэрлэсэн ч Улаанбаатар хотын ихэнх гудамж, талбайд гардаг нэг бэрхшээл бол хальтиргааг улам нэмэгдүүлдэг гантиг хавтан, гулгамтгай замууд. Хэдий цэвэрлээд өвлийн турш хальтиргаатай байдаг гантиг хавтан, шалны тухай өвөл бүр ярьдаг ч энэ асуудлыг шийдэх гэж оролдолгүй олон жил явж иржээ.  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж