Саудын Араб авлигын хэргээр хунтайж, сайд, бизнесмен зэрэг арав гаруй хүнийг баривчилсан нь авлигын эсрэг кампанит ажлын зөвхөн эхлэл хэмээн тус улсын ерөнхий прокурор Шейх Сауд аль Можеб албан ёсоор мэдэгджээ.
Саудын Арабын вангийн угсааны хунтайж, бизнесменүүдийг хамарсан өргөн хүрээтэй баривчилгаа ням гаригт эхэлсэн юм.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, 32 настай Мухаммед бин Салман Авлигатай тэмцэх газраа удирдан, Засгийн газрын дөрвөн сайд болон өмнөх сайдуудыг хамарсан 11 хүнийг баривчлах тушаал гаргасан юм. Тэдний дунд тэрбумтан, бизнесмен Аль-Валид бин Талал гэгч багтжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабын эрх баригчдын авлигатай тэмцэх кампанит ажлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Д.Трамп хэлэхдээ ‘Саудын Арабын ван Салман болон угсаа залгамжлах хунтайжийг би туйлын их итгэдэг. Тэд хийж байгаа зүйлээ сайн мэднэ. Баривчлагдсан хүмүүсийн зарим нь улс орноо олон жилийн турш “сааж ирсэн” улс байгаа юм” гэжээ.
Саудын Арабын ерөнхий прокурор мэдэгдэлдээ ‘Хангалттай нотлох баримт цуглуулсан, мөрдөн байцаалт үргэлжилж байна’ гэжээ. Түүний хэлснээр авлигатай тэмцэх кампанит ажлын эхний үе шат дуусч, сэжигтнүүд хуулийн дагуу шүүхэд очих аж. Тэдний шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах юм байна.
Саудын Араб авлигатай тэмцэх кампанит ажил эхлүүлсэн өдөр Асир мужийн дэд захирагч, хунтайж Мансур бин Мукрин нисдэг тэрэгтэй осолдож, амиа алдсан юм. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ажээ.
Н.Энхтуяа