"МАН доторх маргаан Ерөнхийлөгчөөс тусдаа асуудал"

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

"МАН доторх маргаан Ерөнхийлөгчөөс тусдаа асуудал"

"МАН доторх маргаан Ерөнхийлөгчөөс тусдаа асуудал"

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийсэн юм. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

-Ерөнхийлөгчийн онцгойлон анхаарч байгаа асуудал бол 55 тэрбум төгрөг тараах тухай. Энэ жил төсвийн орлого 611 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Гэхдээ төсвийн зардлыг 497,2 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Төсвийн орлого давсан гээд тодотгол хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно.  

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Хамаарах сайд, дарга нараа байлцуулаач ээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж, асуулт тавьмаар байна. Ерөнхийлөгчийн хоригийг зөвхөн 55 тэрбум төгрөгийн зарцуулалт дээр тавьж байгаа юм уу, бүхэлд нь тавьж байгаа юм уу?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

Төсвийн орлого 611 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ хөрөнгийг дараа жилийн төсөвт зарцуулах боломж байсан. Одоо ирэх оны төсөв хэлэлцээд явж байна. Энэ онд давсан орлогоо дараа жилийн төсөвт шилжүүлэх боломж байгаа. Төсвийн тухай хуульд төсвийн тодотгол хийх хуулийн заалт тодорхой байдаг. УИХ хуулиа дээдэлж, Төсвийн хуулиа мөрддөг л юм бол тодотгол хийх ямар ч шаардлага байгаагүй.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-1992 онд Үндсэн хууль батлагдаж, байнгын ажиллагаатай парамент байгуулсан. Түүнээс хойш улстөрчид талцдаг, бие биедээ өш хонзон санадаг байдал даамжирч байна. Энэ байдлаас хэзээ салах вэ? Ардын нам, Ардчилсан нам хамтарч Засгийн газар байгуулж ажиллаад, цалин тэтгэврийг 2,5-3 хувь нэмэгдүүлж байсан. Бид нэгдээд ажиллах юм бол үр дүн гардаг гэдгийг харуулж чадсан. Гэтэл өнөөдөр хуваагдсан, талцсан, тэр байтугай 65 суудалтай нэг нам дотроо ойлголцохгүй байдал үүсчихээд байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хоорондоо ойлголцож чадахгүй байна. Бид төсвөөс давсан орлогыг ядарсан ард түмэндээ хувааж өгье гэж л шийдсэн. Болохгүй, бүтэхгүй зүйлээ засч залруулах тал дээр бол ажиллаж бололгүй л яахав. Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийн илэрхийлэл. Ингээд хориг тавиад л яваад байх уу?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

-Ерөнхийлөгчийн өмнөөс ярьж байна. Ерөнхийлөгч эв нэгдэлтэй байхын тулд ажиллаж байгаа. Гэхдээ Төсвийн тухай хуулиа баримтлах хэрэгтэй. Ардын намын доторх маргаан Ерөнхийлөгчөөс тусдаа асуудал. Ард түмэн та бүхэнд итгээд 65 суудал өгсөн. Төсвийн орлого бол баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөнтэй холбоотой. Ерөнхийлөгч улс төр, тоогоо ширээн дээр тавьж байгаад, сайхан ярихын төлөө байгаа. Гэхдээ гэнэтийн ашиг олж, маш их зардал гаргах гэж байгаа алдаагаа эхлээд засч чадах юм бол цаашид алдаа гаргахгүй ажиллах боломж УИХ-д бүрдэх болов уу гэж харж байна. Хариуцлагагүй айл шиг олохоороо бүгдийг нь идчихдэг, олохгүй бол ядарч туйлдаад яваад байж болохгүй. Ерөнхийлөгч зөв зүйлийг дэмжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД:

-Харамсалтай л юм. Монгол Улсын төсөв батлах гэж байхад Сангийн сайдыг нь гацаасан. Одоо төсвийн тодотголыг гацааж байна. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөхийн төлөө яасан их юм болдог юм бэ? Том бодлогын хүрээнд ажилламаар байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-С.Бямбацогт та, Ерөнхийлөгчийн хоригоос болоод улстөрчид талцаад байгаа юм шиг яриад байх юм. Та төрийн албан хаагчдыг доромжилж болохгүй шүү. Та нэг дэлгүүр ороод гарахдаа 500, 600 мянган төгрөгөөр юм авдаг байх. 55 тэрбум төгрөгөөр нэг удаа ам таглаж, бослого хөдөлгөөн дарах гээд байгаа юм уу. Төсвөөс давсан 500 орчим тэрбум төгрөгөө эх орныхоо хуримтлалд нэмж болдоггүй юм уу. Заавал 300 мянган төгрөг тарааж байхаар багш, эмч нарын цалинг багаар ч болов нэмж болохгүй юу?

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.РАДНААСЭД:

-ОУВС-тай байгуулсан тохиролцооны хүрээнд цалин нэмэх боломжгүй.

Ингээд тус Байнгын хороо Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, гишүүдийн олонхийн буюу 75 хувийн саналаар ‘Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих боломжгүй’ гэж үзэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж