Дэлхийн эдийн засгийн тойм мэдээлэлд энэ удаа нүүрсний үнэ ханш, эрэлтийг онцолж байна.
Эхний цас орохтой зэрэгцэн нүүрсний эрэлт эрс нэмэгддэг улирал ирж байгаа тул нүүрсний компаниудын хувьцаа өсөх хандлага ажиглагдаж эхэлжээ.
Гэсэн хэдий ч түүхий эдийн эрэлт улирлын чанартай огцом ихэссэнээс үүдэлтэй гэнэтийн ашиг нүүрсний гол экспортлогчдын олборлолт, үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
“Чулуун нүүрсний нөөц өдөр тутмын хэрэглээний дунджаас доогуур байгаа нь худалдан авагчид өвлөөс өмнө нүүрс нөөцөлж авах гэж улайран яарахгүй байгаатай холбоотой” хэмээн “UBS commodities”-ийн шинжээч Лаклен Шо ярьжээ. Үнэн хэрэгтээ дийлэнх зах зээл дээр нүүрсний нөөц тааруу байгаа юм.
“Нүүрс импортлогч орнуудын нүүрсний нөөц сүүлийн хэдэн долоо хоногийн турш багассан нь нүүрсний үнэд нөлөөлж магадгүй” гэж түүхий эдийн брокер Марекс Спектрон хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдэгдэлд дурьджээ. Далай тэнгисийн температур улам нэмэгдэж байгаа нь арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд Австралийн орчим хар салхи их гарах магадлалыг өсгөж байгаа талаар тус улсын цаг уурын шинжилгээний газраас энэ сарын эхээр мэдээлсэн.
Цаг агаарын ноцтой үзэгдэл, хар салхи, ширүүн бороо Австралийн нүүрсний нийлүүлэлтэд саад учруулахад энэ нь нүүрсний зах зээлд эмзэг тусч, маш богино хугацаанд үр дагавар нь илэрнэ шинжээчид үзэж байна.
Гуравдугаар сард Австралийн Квинслэнд муж дахь нүүрс олборлогч уурхайнууд Дебби хар салхинд нэрвэгдэж, нүүрс тээвэрлэгч төмөр зам эвдэрч, уурхайнууд хаагдсан нь зах зээлд олон сөрөг үр дагавар дагуулсан. Хойд Ази дахь нүүрсний гол хэрэглэгчид болох Хятад, Япон, БНСУ болон Тайвань нүүрсний үнэ өндөр байгаагаас нөөцөө хангалттай базааж чадаагүй байгаа ажээ. Азийн бенчмарк гэгддэг Австралийн Ньюкасл боомтын нүүрс долдугаар сараас хойш нэг тонн нь 90-100 ам.долларын хооронд худалдаалагдаж байгаа ажээ.
Гэвч нүүрсний ханш өнгөрсөн оны мөн үеийн эрэлтийн оргил үеийн ханшаас харьцангуй доогуур байна. Өнгөрсөн онд ойд Азийн орнууд руу тээвэрлэгдсэн Австралийн Ньюкасл боомтын нүүрс нэг тонн нь 115 ам.доллар болж өссөн билээ. Гэхдээ сүүлийн гурван сарын байдлаар нүүрсний ханш 2015 оны мөн үеийнхээс өндөр байгаа нь зах зээл харьцангуй хумигдсаныг харуулж байгаа ажээ.
“Thomson Reuters Eikon”-ы нүүрс тээвэрлэлтийн мэдээнээс харахад Хятад, Япон, БНСУ болон Тайванд наймдугаар сараас хойш Австрали, Индонез 71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны наймдугаар сарын хооронд нийлүүлсэн 74.6 сая тонноос доогуур байгаа боловч 2015 оны мөн үеийн 66.9 сая тонноос их юм. Хятад байгалийн хийн нийлүүлэлт болон нүүрсний эрэлтээс болж энэ өвөл зах зээлд тун ноцтой үр дагавар үүсэж болзошгүйг анхааруулсан.
Нүүрсний хамгийн том өрсөлдөгч байгалийн шингэрүүлсэн хийн ханш 2016 оны тавдугаар сараас хойг 55.5 хувиар буурсан нь нүүрсний зах зээл өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн олон улс орнууд нүүрсээр галладаг цахилгаан станцуудаа хааж, нүүрснээс татгалзаж байгаа хэдий ч хамгийн хямд эрчим хүч болох нүүрсний хэрэглээ 2040 он хүртэл эрэлттэй хэвээр байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) үзэж байна. Тус агентлагаас гаргасан эрчим хүчний тайланд дурдсанаар Энэтхэг, болон зүүн Өмнөд Азийн орнууд энэхүү хүрэн нүүрсний гол хэрэглэгчид ажээ. Энэ бүс нутагт ойрын жилүүдэд эдийн засгийн өсөлт улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул эрчим хүчний эрэлт ч мөн дагаад өсөх юм.
Зүүн өмнөд Азид нүүрс эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа нь байгалийн хийнээс үнэ хямддаа биш, байгалийн хий шиг хөрөнгө оруулалт их шаарддаг дэд бүтэц байдаггүйд учир нь оршиж байгаа ажээ.