УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2017.11.07/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Бүлгийн хурлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн зүгээс
2017 оны төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр мөнгө олгох бус, цалин нэмэх асуудлыг ярих нь зүйтэй.
Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв. Хуулийн зарчим алдагдсан, Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжиж байгаа.
Ерөнхийлөгч хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хориг тавьсан. Хуулиа баримталж, хууль дээдлэхийг л шаардаж байгаа учраас АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа.
Энэ хориг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг гацааж байгаа биш төсвийн хуулийн дагуу хууль зөрчихгүй байхыг сануулж, хориг тавьсан гэж үзэж байгаа ажээ. Мөн тус бүлэг 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь батлах ёстойг сануулав.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
‘2018 оны төсөвт 7,2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамж тал руу зарцуулсан. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байгаа нь үндсэн чиглэлээ алдагдуулж, улам илүү шүүмжлэл дагуулж байна. Хөрөнгө оруулалтын бодлогыг томоор нь авч үзэх, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр байр сууриа хэлээд явна.
2018 оны төсөв өөрөө алдагдал буураагүй, орлогын хуваарилалт бодлогын шинж чанарыг агуулаагүй, халамж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого түлхүү орсон, зардлыг нэмж буй халамж, хөрөнгө оруулалт нь төсвийг хүндрүүлэх эрсдэл дагуулж байгаа учраас эргэж харах шаардлагатай гэдгийг тодотгож байгаа. Жишээлбэл, ‘Хүүхэд бүрт цэцэрлэг’ хөтөлбөрийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга хэлбэрийг зөвхөн төсвийн хөрөнгөөр хийж байгаа нь төсвийн ачааллыг огцом нэмэгдүүлэх талтай. Хэрэв бид хөрөнгө оруулалтыг хийж байгаа бол бодлогын зарчмыг өөрчилж, төр, хувийн хэвшлийн хэлбэрээр хийх нь зүйтэй гэдэг саналыг АН-ын бүлэг тавьж байна. ОУВС гэж нэрийг өмнө барьж, Монгол Улсын хууль тогтоомж ийг олон удаа зөрчиж байна.
Гадны санхүүгийн байгууллагын шахалтаар хууль зөрчиж болохгүй гэдгийг эрх баригчдад сануулъя.
Төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлаар Төрийн албаны тухай хуулийн 28.4.5-д ‘Төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ хувийн хэвшилд ажиглагсдын адил албан тушаалын цалингийн дунджаас тав буюу түүнээс дээш хувиар бага байсан тохиолдолд албан тушаалын цалингийн жишгийг нэмэгдүүлэх саналыг Төрийн албан төв байгууллага, хөдөлмөрийн асуудал хариуцсан төв байгууллагатай хамтран төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхээс өмнө УИХ-д танилцуулц, зохих журмын дагуу шийднэ’ гэж заасан байдаг. Энэ хууль зөрчигдөж, ОУВС-ийн шахалтаар цалин нэмэхгүй байгаа нь буруу гэж АН-ын бүлэг үзэж байна. Тиймээс 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, шаардлага тавина. Эрх баригчид төсвийн орлого нэмэгдсэн гэж ард иргэд ярьж байгаа ч ард иргэдийн амьдралд өөрчлөлт орохгүй байгаа нь үнэн. Хөөсөрсөн улс төрөөс салах цаг болсон гэдгийг сануулъя.
Төрийн албан хаагчдын цалин улсын дунджаас 24,8 хувийн зөрүүтэй болсон. Статистикийн ерөнхий газрын мэдээллээр улсын дундаж цалингийн хэмжээ 966 мянган төгрөг гэж зарласан боловч төрийн албан хаагчдын цалин улсын дундаж цалингаас 239 мянган төгрөгөөр бага байгаа. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс үр дүнгийн урамшуулал, нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр оруулснаас төрийн албан хаагчдын цалинг хуулийн дагуу 10 хувь нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна.
Засгийн газар Монгол Улсын хуулийн дагуу төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэдгийг ОУВС-нд албан ёсоор тавьж, хуулиа биелүүлэх ёстой гэсэн шаардлагыг эрх баригчдад тавьж байна.
Ш.ЧИМЭГ