Хичээлдээ явахаар гарсан Д.Сэржмядаг охин гэртээ ирэлгүй тав хоног өнгөрлөө. Сураггүй болсон охиныг өдөр, шөнөгүй хайж байгаа ч сайн мэдээ хараахан дуулдаагүй л байна. Монгол хүн бүр охины төлөө санаа чилээж, эрүүл энх олдоосой, эсэн мэнд ирээсэй хэмээн найдаж суугаа байх. Түүний ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан сумынхаа цагдаа нартай хамтран Замын-Үүдийн төв, ойролцоох малчин айлуудаар явж, эрлийг тав дахь өдрөө үргэлжлүүлж байгаа тухай охины ээж Б.Хоролмаатай утсаар холбогдоход ярилаа.
Замын-Үүд сумын II сургуулийн гуравдугаар ангийг сурагч Д.Сэржмядагийг хайх эрлийн ажлыг улс орон даяар зохион байгуулж, 500 гаруй хүнтэй баг 72 тээврийн хэрэгсэл ашиглан ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Гэтэл бодит байдал өөр байгаа бололтой. Охиныг хайх эрэлд зөвхөн Замын-Үүд сумын хэдэн цагдаа, ар гэрийнхэн, танил талыг нь хамарсан цөөхөн хүн оролцож байгаа аж.
Тиймээс наймхан настай охиноо олоход нь тусалж, эрлийн ажилд туслахыг түүний гэр бүлийнхэн хоолой зангируулан хүслээ.
Д.Сэржмядаг алга болох үедээ ягаан өнгийн хүрэм, бор түрийтэй гутал, сурагчийн дүрэмт хувцас, ягаан цүнхтэй явж байжээ. Аав нь охиноо өдөр бүр хичээлд нь хүргэж өгч, авдаг байсан ч тэр өдөр ажлын шаардлагаар гэртээ үлдээгээд явжээ.
Охиныг хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт 12.00 цагийн орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гарч байхыг хөршүүд нь харжээ.
Охиныг сураггүй болсон өдөр буюу тав хоногийн өмнө аав, ээж хоёр нь ажлаар Сайншанд руу явсан байсан гэдэг. Тухайн өдөр охин хамгийн сүүлд 11.22 цагт ээж рүүгээ залгасан бөгөөд ээжийнх нь утасны цэнэг яг тэр үед дуусч таарсан тул холбогдож чадалгүй өнгөрчээ. Аав, ээж хоёр нь 16.40 цагийн үед Замын-Үүдэд буцаж ирсэн ба том охинтойгоо утсаар холбогдож, дүү нь алга болсныг мэдсэн юм. Охин тэр өдөр сургууль дээрээ ирээгүй бөгөөд түүнийг алга болсон тухай мэдээллийг 17.00 цагт сумын цагдаагийн албанд мэдэгдэж, эрлийг эхлүүлсэн.