(Аян замын тэмдэглэл)
Үргэлжлэл
Ховд аймгийн Зэрэг сумын ажилсаг иргэд өрнүүн ажлын их амжилтаараа 2009 онд аймагтаа 6 дугаар байр, 2010 онд 4 дүгээр байр, 2011 онд 3 дугаар байр, 2013, 2014 онд 2 дугаар байр, 2015 онд 1 дүгээр байр тус тус эзэлж, аймгийнхаа шилдэг сумаар тодорч, улмаар 2016 оны ажлаараа Улсын тэргүүний сумаар шалгарсан тухай өмнө товч мэдээлсэн. Зэрэг сумын бүтээлч хөдөлмөрчид олсон амжилтаа улам бататгах итгэл төгс ажиллаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж, сумын тохижилт, өнгө үзэмж сайжирч, гудамж талбай нь цэвэр цэмцгэр байдлаараа бусдаас тод ялгарч харагдана.
Зэрэг суманд анхны бага сургууль 1940 онд Хөндлөн гэдэг газар 6 гэртэй, 3 багштай, 9-12 насны 60 сурагчидтай байгуулагджээ. Улмаар 1953 онд 7 жилийн сургууль болж, Чандмань, Дарви, Цэцэг, Манхан сумын хүүхдүүд суралцаж эхэлсэн. 1989 онд 10 жилийн дунд сургууль, 2006 онд 11 жилийн сургалттай, 2008 оноос 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн байна.
Одоо энэ сургууль 40 гаруй багштай, 800 орчим сурагчидтай, 30 гаруй ажилчидтай, хичээлийн 3 байр, шинэ дотуур байр, хүүхэд хөгжлийн төвтэй үйл ажиллагаа явуулж, ‘Шилдэг үнэлгээтэй сургууль’-иар гурав дахь удаагаа шалгарчээ.
Япон улсын иргэн Кожима Гаккоу нарын санхүүжилтээр ‘Хүүхэд хөгжлийн төв’-ийн барилга бариулсан. Энд номын сан, чийрэгжүүлэлтийн өрөө, эрэгтэй технологи, эмэгтэй технологийн өрөө, компьютерийн танхим, уулзалтын өрөө, үсчин зэрэг хүүхэд хөгжүүлэхэд шаардлагатай технологиуд бүрэн тавигдсан нь хичээлийн бус цагаар хүүхдүүд хичээллэх боломжтой болжээ.
Цаашдаа хүүхдүүд өөрсдийн сонирхлын дагуу ирээдүйд мэргэжлээ сонгох, улмаар зарим нарийн мэргэжлийн дадлага олгох болсон нь тус сумын сургуулийн давуу тал юм. Зэрэг сумын сургуулийн сурагчид, багш нар тус сургуулиас төрсөн Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоор ихэд бахархдаг тэдний яриа, дурсамжаас ажиглагдана.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр тус сумын хүн эмнэлгийн салбарыг Сум дундын нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг гаргуулан эмнэлгийн барилгын ажлыг 558 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулжээ. Зэрэг сум нь аймаг, нийслэлийн хооронд засмал зам дагуу зэргэлдээ сумдын дунд оршдог. Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч М.Отгончимэг нарын эмч, эмнэлгийн ажилтнууд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд тус ЭМТ-д зүрхний бичлэгийн аппарат, Эхо аппарат, хүчилтөрөгчийн болон сонсголын аппарат, дуудлагын машин бусад шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдэж, багийн эмч нарын унаа шинэчлэгдэж, улмаар өөрийн сумын төдийгүй, зэргэлдээ сумын иргэдэд ч үйлчлэх боломж бүрдүүлсэн нь чухал юм.
Энэ намар ‘Итгэл-Хавдаргүй Монгол’ үндэсний сангаас Ховд аймгийн 10 сум, түүний дотор Зэрэг сумын 555 хүнд нөхөн үржихэйн эмчилгээ, хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийг Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Н.Гиймаа, Г.Лхагвадорж нар хийж, тус сангийн менежер С.Нарангэрэл уг арга хэмжээг зохион байгуулав. Мөн энэ үеэр бэлгийн замын халдварт өвчин оношлох түргэвчилсэн оношлуурыг үнэ төлбөргүй хийсэн зэрэгт алслагдсан сумын иргэд нэн талархалтай байна.
‘Алтан тээл’ цэцэрлэгт хүрээлэндээ мод тарьсан нь сумын төвийнхөн төдийгүй, ирсэн зочид гийчдийн сэтгэлийг татан, бэсрэгхэн энэ орчинд амарч, алжаалаа тайлан суугаа хүмүүсийг харахад нийслэлд минь ийм газар олон билүү гэсэн бодол сэтгэлд урсана. Мод тарих, түүнийг арчлахын үлгэр жишээг Зэрэгчүүдээс авч болно. Сайн үйлс бүхэн хүнд гэрэл гэгээг авчирдаг болой.
Зэрэг сумын шөнө.
Хөдөөгийн олон сум хориодхон жилийн өмнө орой бүр хязгаарласан цагаар залгадаг цахилгаантай, шөнөдөө таг харанхуй байдаг байж билээ. Одоо ч зарим цөөн сум, хотын захын айлууд гэрэл цахилгаангүй суугаа нь харамсалтай.
Энэ намрын налгар сайхан өдрүүдэд Зэрэг суманд томилолтоор ажиллах хувь тохиож, хөдөө багууд, өндөр сүрлэг хайрхан, түүнээс салбарлах олон хавцал, нуур, тойром, байгалийн сайхныг үзэн биширч яваад орой бүрийгээр сумын төвд ирэхэд нүд гялбам гэрэл гэгээ, усан оргилуураас урсах өнгө өнгийн солонгын туяа, сумын төвийн гудамжны гэрэл миний төдийгүй, зорин ирсэн олны гайхшралыг өдөөсөн юм.
‘Aлтан тээл’ хэмээх зочид буудалдаа цүнх сэлтээ орхин хажуу дахь цэцэрлэгт хүрээлэнд яаран орвол хүүхэд багачуудын дуу хадаж, ахмад настнууд эргэн тойрны сандалд тухлан сууцгааж байлаа. Олон зүйл тайлбаргүй, тэр шөнийн хэдэн зураг оруулав.
Зэрэг сумын шөнө ийм л байлаа. Энэ тохилог орчин бүрдүүлсэн тэр сайхан хүмүүст болон тус сумын бүтээлч түмэн олонд талархал илэрхийлье.
Г.Сумъяа