Азийн 19 хүртэлх насны тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд энэ өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болж байна. Тэмцээн арваннэгдүгээр сарын 4-8-нд үргэлжлэх ба Япон, Тайланд, Сингапурын багууд хүрэлцэн ирээд байгаа билээ.
Энэ жил Монголд зохиогдож буй Азийн хөлбөмбөгийн холбооны хоёр дахь /U16, U19/ тэмцээний хэвлэлийн бага хурлын үеэр Монголын 19 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга “Өөрийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө, хүйтэн цаг уурт тоглохоос эхлээд хэд хэдэн давуу тал бидэнд байна. Тиймээс бид Азийн АШТ-ий эрх авахын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн ярьсан юм.
Монголын хөлбөмбөгийн холбоо 2017 оноос есөн насны шигшээ баг байгуулж, байнгын идэвхтэй үйл ажиллагаатай байлгах болсон. Тэдгээр есөн насны шигшээ багууд дундаас анх удаа байгуулагдсан 19 хүртэлх насны шигшээ баг эхнийхээ том тэмцээнд оролцож байгаа нь энэ юм. Хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцдог авьяаслаг залуус 19 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлж байгаа.
Олон насны шигшээ багтай болсноор Монголын хөлбөмбөгчид өсвөр, идэрчүүд, залуучуудын шигшээ багаар дамжин олон улсын тэмцээний туршлагатай, үндэсний шигшээ багийн тоглогч болох үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. 19 хүртэлх насны шигшээд 23 хүртэлх насны багт тоглосон Г.Ганбаяр, М.Жансерик, Д.Билгүүн, Б.Балжинням, О.Мөнх-Оргил зэрэг тоглогчид байгаа нь үүний нэгэн тод жишээ юм.
Монголын шигшээ баг арваннэгдүгээр сарын 4-нд Японы багтай хэсгийн эхний тоглолтоо хийсэн бол өчигдөр 16.00 цагаас Тайландтай тоглолоо. Харин сүүлийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 08-нд Сингапурын шигшээтэй хийнэ.
Хоёр дахь тоглолт. 2017.11.06
Монгол-Тайланд (2:5)
Хэсгийн хамгийн хүчтэй баг Японы багт эхний тоглолтдоо ялагдал хүлээсэн Монголын залуус өчигдөр /2017.11.06/ 16.00 цагаас Тайландын багтай тоглолоо. Улаанбаатарт цас орж, цаг агаарын хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч өглөөнөөс хойш талбайг цэвэрлэж, тоглолтыг цагт нь эхлүүлэв.
Тоглолт эхлээд удаагүй байхад манай шигшээ баг гурван ч удаа гоол оруулах боломжийг олж авсан ч харамсалтайгаар алдсан юм.
Удалгүй Тайландын баг тоглолтын 19 дэх минутад тооны харьцааг нээж, эхний хагас өндөрлөхөөс урьтаж тайландууд дахин нэг гоол орууллаа. Монголын баг 45 дахь минутад торгуулийн цохилт алдсанаар нэгдүгээр үе 0:2 харьцаагаар өндөрлөв.
Харин хоёрдугаар үе эхлээд дөрвөн минут өнгөрсний дараа Монголын шигшээ багийн 22 дугаартай Д.Билгүүн тооны харьцааг ойртуулсан. Өндөр хурдтай, өрсөлдөөнтэй өрнөсөн тоглолтод манай залуус хэд хэдэн боломжоо ашиглаж чадаагүй бол Тайландын баг сөрөг довтолгоог амжилттай өрнүүлсээр, олдсон боломжуудаа гоол болгож байв. Тиймдээ ч үндсэн цагт Тайланд 5:2 харьцаагаар хожлын эзэн боллоо. Монголын багийн хоёр дахь гоолыг Г.Бат-Оргил 86 дахь минутад оруулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр хэсгийн гурав дахь тоглолтууд арваннэгдүгээр сарын 08-нд үргэлжилнэ.
Эхний тоглолт. 2017.11.04
Монгол-Япон (0:7)
Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр хэсгийн тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд арваннэгдүгээр сарын 4-нд эхэлсэн юм.
Эхний тоглолт 12:00 цагаас Тайланд, Сингапурын багуудын хооронд болж, Тайланд 3:1-ээр хожсон. Үндсэн цаг эхлээд 39 секундийн дотор тоог нээж чадсан Тайландын баг тэргүүллээ хадгалсны ачаар эхний тоглолтоос гурван оноо авч чадсан юм.
Харин энэ өдөр Монголын шигшээ баг тивдээ төдийгүй дэлхийд данстай Японы багтай тоглож, 7:0 харьцаагаар хожигдсон. Хэсгийнхээ хамгийн хүчирхэг багтай эхний тоглолтоо хийсэн манай залуус үлдсэн хоёр багтайгаа сайн тоглож чадвал Азийн аваргад өрсөлдөх эрх авах боломж байв. Урьд өмнө нь Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Сингапур /2:2/, Тайландын /1:1/ багуудтай тэнцэж байсан удаатай.
Б.ЭНХ