ОХУ-аас 825 сая төгрөгийн өртөгтэй малын вакцин авчирлаа
Хэдэн жил чимээгүй байсан мялзан өвчин өнгөрсөн жилээс малчдын толгойны өвчин болж, 2016 онд 13 мянган бог мал, 2017 он гарсаар 5500 орчим толгой бөхөн хорогдсон юм. Нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр тогтоол гаргаж, шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай 5.1 тэрбум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийж, худалдан авахаар болсон. Ярьсны дагуу эхний ээлжинд бог малын мялзан өвчний 15 сая тун вакциныг 825 сая төгрөгөөр ОХУ-аас худалдан авсныг өчигдөр /2017.11.06/ орой Монголд онгоцоор тээвэрлэн ирлээ.
Мялзан өвчний вакцины 9,6 сая тунг улсын нөөцөд үлдээх аж. Харин үлдсэн 5.4 сая тунг нь Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймагт хуваарилан тараахаар төлөвлөжээ.
Бог малын мялзангийн вакцины тухайд шүлхий өвчин шиг чанарын асуудал нь төвөгтэй биш гэдгийг Мал эмнэлгийн үржлийн газрын гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг хэллээ. Түүний ярьснаар, мялзан өвчний вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төв болоод Монгол Улсын малын эм бэлдмэлийн шалгах лабораторид шинжилж, хүйтэнд тэсвэртэйг тогтоожээ.
Мал эмнэлгийн үржлийн газар, Улсын мал эмнэлгийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын байцаагчид давхар хяналт тавьсан байна.