Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

…Хэлийг нь мэдэхгүй ч дууг нь баримжаалаад ойлгочихдгийн жишээ энэ. Харин хааяа алдах үе байна аа. Гена матрын “Цэнхэр галт тэрэг(Голубой вагон)” бол итгэл найварын тухай дуу. Үүнийг хүүхдийн дуу л гэж бодохоос яг юуны тухайг нь мэдэхгүй хүн мэр сэр байгаа л байх. Харин итгэл найдварын тухай гэж боддог байсан эхнэр нөхөр Добронравов нарын зохиосон “Надежда” бол сансар огторгуйн тухай дуу. Энэ мэт хэдэн арван үгтэй орос дууны аянд нь автаж, шүлгийг урнаар сэтгэж, ургуулан бодсоноосоо болж буруу баримжаалсан гэмийг тань уучилж хэлтрүүлж болно.

Харин эх хэлнийхээ ганц үг, үсгийг сурсан зангаараа баримжаалж, буруу ойлгож, ярьж бичихийг тань өршөөж чадашгүй. Жишээлбэл, “хэлэлцээ, хэлэлцээр” хоёр өөр, мину  бол миний биш минь, уншигч авхай биш уншигч авгай” гээд өч төчнөөн үг үсэг байна. Энэ бүхнийг ялгадаг болохгүй бол янз янзын хэрэгт орох хүмүүс элбэгшиж магадгүй байна. Ийм алдсан “баримжаануудыг” жишээлсэн хэдхэн үгээрээ харуулъя.

Уншигч “авхай биш уншигч “авгай”. Авгай, хүүхэнтэй адилхан харагдаад байвал уншигч “абугай” гэчих. “Авхай” гэдэг бол язгууртны охин. Харин эр, эм хэнийг ч болов хүндэлсэн “абугай”-г орчин цагт “авгай” гэнэ. Угаасаа  энэ үг 1.хүний эхнэр 2.ахимаг насны эмэгтэй 3.эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр 4. хөгшин залуу, нас, хүйс ялгалгүй хэнийг ч болов хүндэтгэх хүндэтгэлийн үг гэсэн  дөрвөн утгатай. Хэрэв “Уншигч авхай танаа” гэвэл язгууртны охидод л зориулсан сонин сэтгүүл болж таарах нь байна. Ийм алдаанаас болж ашиг орлого чинь муудаж магадгүйг анзаараа биз ээ.

Монгол бичгийн хэлний “мину” гэх үгийг “минь”-тэй андуураад байна аа. “Эзэнтэй эх орон мину, гоо төгөлдөр эх орон мину, тэнгэрлэг эх орон мину…” гээд явж өгнө дөө. “Мин-у” гэдэг нь “би” гэдэг үг “-у” гэсэн харьяалахын тийн ялгалаар хэлбэржсэн орчин цагийн “миний” гэсэн үг юм. Тэгэхээр дээрх өгүүлбэрүүд “Эзэнтэй эх орон миний, гоо төгөлдөр эх орон миний, тэнгэрлэг эх орон миний” болоод байгаа юм. Эх бичигчийн санаа нь“Эзэнтэй эх орон минь, гоо төгөлдөр эх орон минь, тэнгэрлэг эх орон минь”. Монгол бичгийн хэллэгээр бичих гээд байгаа бол “Эзэнтэй эх орон ми-ни, гоо төгөлдөр эх орон ми-ни, тэнгэрлэг эх орон ми-ни” гэж хамаатуулахын нөхцөл залгаж таарна. Ингэхээр жинхэнэ сонин харагдаж, сонсогдож, хэлэгдэж байгаа болохоор зохихгүй маягаас зугтаж, зүгээр л “минь” гэсэн нь хамаагүй дээр.

Зарим хүн “хэл” язгууртай “хэлэлцээ, хэлэлцээр” хоёрыг хольж хутгаад байна аа. Ширээний ард нүүр нүүрээ харан суугаад, асуудлаа яг яаж шийдэхээ ярьж хэлэлцэж байгаа явдлыг “хэлэлцээ” гэнэ. Ийм учраас “Монгол, Орос, Хятадын төлөлөөлөгчид гурван талт хэлэлцээнд ирлээ. Хэлэлцээ амжилттай боллоо, хэлэлцээ өндөрлөлөө.” мэтээр ярина. Өөрөөр хэлбэл орос хэлний переговор, диалог; англи хэлний talks, negotiations гэсэн үг. Хэлэлцээгээр ярьж тохирсон зүйлээ цаасан дээр буулгаж, гарын үсэг зурж, тамгалж, хавтаслаад “хэлэлцээр” болгон харилцан сольдог. Үүнийг оросоор договор, соглашение; англиар treaty, agreement гэнэ. Нэг үгээр хэлбэл “хэлэлцээ”-ээс  “хэлэлцээр” төрдөг байх нь ээ. Ийм учир Монгол, Орос, Хятадын төлөлөөлөгчид гурван талт хэлэлцээнд ирээд, хэлэлцээрт гарын үсэг зурна.

 Энэ мэт халти мөлт сонссоноо хамаагүй ярьж, бичиж болохгүй нь байна шүү.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Буруу баримжаалбал будлиан үүснэ” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж