“Mix” хамтлагийн дуучин Темпо “Tsomo Molo” үндэсний брэндийн нүүр царай болж, сурталчилгааны хэд хэдэн зураг авхуулсан. Гэвч тухайн сурталчилгааны зургууд анх цацагдсан цагаасаа эхлээд, иргэдээс багагүй шүүмжлэлийг дагуулаад байгаа.
Учир нь, Монгол үндэсний дээлийг орчин үеийн хэв маягт оруулан урлаж буй нь сайшаалтай ч ёс заншил уламжлалаа уландаа гишгэлээ хэмээн интернет орчинд багагүй шуугиан тарьсан. Тус зурган дор хүмүүс “Монгол эр хүн дээл хувцсаа нөмгөн өмсдөггүй” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Харин дуучин Темпо энэ талаар өчигдөр /2017.11.05/ өөрийн цахим хуудсаараа “Live” хийн доорх тодруулгыг хийсэн юм.
Тэрбээр, “Маш олон хүнд зэмлүүлж, хараалгуулсан. Тэр болгоныг хүндээр хүлээж аваагүй. Дээлээ буруу зөрүү өмссөндөө хүлцэл өчье.
Зураг авалтын хувьд зориудаар энгэрээ задгай тавьж зургаа авхуулсан юм. Доторх үс ноосыг нь харуулахын тулд энгэрээ задгайлсан гэж хэлж болно. Дээлээ бүслээд ном ёсоор нь өмсөж болно. Манайхан буруугаар ойлгоод дээлний хэв маягийг өөрчиллөө, эвдлээ, ингэж өмсөж болохгүй гэж их хүндээр хүлээж авсан. Мэдээж монгол хувцсаа ёс журмаар нь өмсөх ёстойг би мэднэ. Дээлээ буруу өмссөнөөс болж хэдэн өдөр зөндөө л юм боллоо. Ахмад хүмүүс муухай хараад л санаа зовж байсан. Бас сонирхогчдын янз бүрийн групп, хуудсуудаар тарсан байсан.
Дахин, дахин хэлмээр байна. Зураг авалтад зориулж задгай өмссөн юм шүү. Дээлээ эвдэж, бүслэхгүй өмсөөрэй гэж уриалсан зүйл байхгүй. Нэгнээ харааж доромжлохын оронд шүүмжилж болно шүү дээ. Нэгнээ доромжилж яах юм бэ, нөгөө хүнд нь хүндээр тусна шүү дээ. Дизайнер охин маань бүх зүйлээ өөрөө хийдэг. Залуу хүний хувьд нэгнээ дэмжиж хамтарч ажиллахад таатай байсан. Алдаа шүүмжлэлийг хүлээж авна. Цаашдаа анхаарна” гэв.