Д.Трампт “Амаа мэдэж ярихыг” анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Д.Трампт “Амаа мэдэж ярихыг” анхааруулав

Д.Трампт “Амаа мэдэж ярихыг” анхааруулав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Азийн айлчлалаа Японоос эхэлж, онгоцноос бууснаас хэдхэн цагийн дараа Хойд Солонгосоос түүнд “амаа мэдэж ярихыг” анхааруулсан гэнэ.

Д.Трамп Токио хот дахь Ёкота нисэх баазад онгоцноос буухдаа хүндэтгэл үзүүлсэн цэргүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Ямар ч дарангуйлагч АНУ-ыг басамжлах ёсгүй” гэсэн юм. Пхеньяны өдөр тутмын сонин “Нодон синмун”-д  “Д.Трампаас ямар болчимгүй үг, үйлдэл гарахыг таах аргагүй. Түүний энэ бодлогогүй үйлдэлд өгөх ганц хариулт бол цохилт” хэмээн бичсэн байна.  Харин Д.Трамп цэргүүдэд хандаж хэлсэн үгэндээ Хойд Солонгос, Ким Чен Ун гэсэн нэр нэг ч дурдаагүй боловч  залуу дарангуйлагч болон түүний улс зэрэг үгс хэрэглэсэн ажээ.

Хойд Солонгосын цөмийн олон удаагийн туршилтууд болон цөмийн хөтөлбөрийн хариуд АНУ дэс дараалсан олон хориг тавьсан. Эдгээрээс устөрөгчийн бөмбөг болон алсын тусгалт пуужинг амжилттай туршсан нь АНУ-д ихээхэн хохирол дагуулах хангалттай хүчин чадалтай гэж цөмийн шинжээчид үзэж байгаа тул Д.Трамп Хойд Солонгост аль болох их дарамт шахалт үзүүлэхийг хичээж байгаа билээ. Гэхдээ Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээнээс илүү Д.Трампын сүрдүүлэг, заналхийлэл Пхеньянд илүү дарамт учруулж байгаа бололтой.

Ким Чен Уныг “Пуужинтай эр” хэмээн хочилсон Д.Трамп Хойд Солонгос хэрэв АНУ болон холбоотнууд тэр дундаа Японд аюул занал учруулвал 25 сая хүн амтай энэ улсыг “бүрмөсөн сүйрүүлнэ” хэмээн сүрдүүлсэн юм.

Тэгвэл  “Нодон синмун”-д  бичихдээ “Бид Д.Трампын тойрон хүрээлэгчдэд дахин анхааруулъя. Сүйрэхийг хүсээгүй бол болчимгүй үг үйлдэл бүү гаргаарай” гэжээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж