Машинаар биш гараар зам, талбайн цасыг цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Машинаар биш гараар зам, талбайн цасыг цэвэрлэж байна

Машинаар биш гараар зам, талбайн цасыг цэвэрлэж байна

Урд шөнөөс эхэлж орсон цас хотынхныг хөдөлгөөнд оруулаад байна. Нойтон цас их хэмжээгээр зогсолтгүй орж буй ийм үед хот тохижилтынхон машинаар биш гараар төв зам, талбайн цасыг цэвэрлэж байна. 600 гаруй хүн үүрийн 05.00 цагаас эхлэн 19 бригад болон хуваагдаж, бодис цацдаг 16 машинаар цас хайлуулах давс, бодисоо ээлжлэн цацаж явна.


Нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Н.ПҮРЭВЖАВ

Нэг бригад нь 10-аад хүнтэй гурван машинтай ажилладгаа нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжав ярилаа. Түүний хэлснээр, нийслэлийн Хот тохижилтын газар төвийн хэсэг болоод хөдөлгөөний нягтрал ихтэй нийт 155.4 км замыг хариуцан ажилладаг. Хот тохижилтынхон цас сорж, шүүрддэг зориулалтын машинаар бус гараар хүрз, шүүрээр цасаа нимгэн дээр нь ар араас нь цэвэрлэж буй учир цэвэрлэгээ удааширчээ. Өөрөөр хэлбэл, технологийн дагуу цасаа эхлээд соруулж аваад дараа нь бодисоо цацах журамтай. Соруулж авах машин нь  нойтон цасыг сорж авч чадахгүйн улмаас гар ажиллагаа ихэссэн байна.

Шүүр, хүрз, цас түрдэг тэрэг ашиглаж зам, талбайн овоолоод, араас нь цас ачигч машин тохижилтынхны бөөгнүүлсэн цасыг ачиж, зорчих хэсгээ чөлөөлж явна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтан Г.ОЮУНГЭРЭЛ

Тухайлбал, нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтан Г.Оюунгэрэл өглөөний 07.30 цагаас хойш тасралтгүй Сүхбаатарын төв талбайг хоёр ч удаа тойрч цэвэрлэж зогсоно. Тэрбээр “Өглөө 06.00 цагт гэрээсээ гарсан. Энэ хэсгээр машин ордоггүй. Хоёр дахиа тойрч, дор дор нь цэвэрлэж байна. Бага дээр нь цэвэрлэвэл амархан. Цэвэрлэхгүй орхивол нойтон цас зузаарч, дагтаршаад цэвэрлэхэд хэцүү болно. Одоо тэнгэр онгойвол гайгүй байхаа” хэмээн ярив.   Найрамдал орох замыг Сонгинохайрхан дүүргийн тохижилт, Зуслан чиглэлийн замыг Чингэлтэй дүүргийн тохижилтынхон үлдсэнийг нийслэлийн Хот тохижилтынхон бүгдийг нь цэвэрлэж байна. Өнгөрсөн жилүүдэд хотын захын замуудын цасыг цэвэрлэдэггүй гэсэн гомдлыг зарим иргэн тавьсан. Тэгвэл энэ жилээс хот тохижилтынхон Өлзийт, Био-кабинетаас эхлээд Баянзүрхийн товчоо хүртэлх замаас нэгийг ч орхилгүй цэвэрлэж байгааг нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжав хэлэв.

Улаанбаатарт орж буй хоёр дахь цас нь өнөөдрийнх. Зам, талбайн цас хайлуулах бодис, давсны тухайд цаашид 12-15 удаа цас орох үед ашиглах нөөцтэй. Энэ өвөл хүйтэн, цас их хэмжээгээр удаан хугацаанд үргэлжлэн ороод байвал нөхцөл байдал хүндэрч болзошгүй юм. Гэхдээ нөөцийн 1200 тонн бодисыг ОХУ-аас, 111.4 тонн давсыг Увс, Ховд аймгаас нэмэх боломжтой аж. Нэг кг давсыг 300-350 төгрөг, бодис нь нэг тонн 570 мянган төгрөгөөр нийслэл авч байна. Одоогоор 684 сая төгрөгийн үнэтэй бодис, 39 сая төгрөгийн давсны нөөцтэй байгаа юм.

Улаанбаатар хотын цас, мөсийг цэвэрлэх 99 машин, техник нийслэлийн өмчид бий.

2017.11.06 13.30 цагт төв талбайн цэвэрлэгээ

 

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж