Малын хөлийн татварыг сэргээе

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Малын хөлийн татварыг сэргээе

Малын хөлийн татварыг сэргээе

Малын хөлийн татварыг сэргээе. Засгийн газар хуулийн төсөл санаачлаад, УИХ улстөржилгүй батлаад өгвөл татварын бааз суурийг өргөтгөх бололцоо байна.

Өмнө нь малчид өнөөдрийнхөөс хүнд цаг үед хонин толгойд шилжүүлсэн аргачлалаар малын хөлийн татвар төлдөг байсан. Жишээ татвал, алс хязгаар нутагт амьдардаг малчин нэг хонинд 50, төвийн бүс нутгийнхан нь нэг хонинд 75, нийслэлтэй ойр амьдардаг малчин нэг хонинд 100 төгрөгийн татвар төлдөг байсан аж. Дээрх татварын дүнд нэг суманд 5-6 сая төгрөгийн орлого төвлөрдөг. Монгол Улс 330 гаруй сумтай гээд тооцохоор хэр их хэмжээний орлого төвлөрдөг байсан нь эндээс харагдана. Гэтэл өнөөдөр сумдад төвлөрдөг орлого алга. Тэгсэн атлаа бэлэн татварын орлого төвлөрүүлэх бааз сууриа ашиглалгүй өнөөг хүрсэн нь улстөрчдийн хүсэл зоригтой л холбоотой юм.

Учир нь, малын хөлийн татвар ногдуулах хуулийн төсөл санаачилсан Засгийн газар бүр УИХ-ын эсэргүүцэлтэй тулж, эцэст нь төслөө буцаан татахаас аргагүйд хүрдэг. Тухайлбал, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Малын хөлийн татвартай болох хуулийн төсөл санаачилсан ч ирэх жил УИХ-ын сонгуультай гэсэн шалтгаанаар буцааж татсан түүх бий.

Уг нь тухайн үеийн парламент дахь Ардчилсан нам, МАН, МАХН, МҮАН, ИЗНН-ууд улстөржилгүй хуулийн төслийг баталчихсан бол өнөөдөр малчид нь татвар төлдөггүй гэж бусдадаа ад үзэгдэлгүй, төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад явах байв.

Төсөлд тусгаснаар татварын хувь хэмжээ ч дааж давшгүй биш байлаа. Нэг үхэр, адууг таван хониор тооцож, татвар авахаар заасан юм. Ингэхдээ ам бүл, малын тооноос нь хамаарч татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл, олон малтай, орлого илүү олдог малчинд малын хөлийн татвар ногдуулахаар заасан нь  одоогийн эдийн засагчдын “Малчдын орлогоос нь хамаарч татвар ногдуулдаг болъё” гэдэг саналтай нь агуулга нэг байлаа.

Одоо энэ төслийг Засгийн газар дахин өргөн мэдүүлж батлуулбал малчид дургүйцэхгүй л болов уу. Малчдаас авах малын хөлийн татварыг бэлчээр нөхөн сэргээхэд, эсвэл малыг нь эрүүлжүүлэхэд зарцуулбал малчид болон улсад эдийн засгийн ач холбогдолтой. Малчдын хүүхдүүд адилхан л сургуульд сурч, малчид эмнэлэгт үзүүлдгээс хойш адилхан татвар төлөх нь шударга явдал болно.

Тиймээс Засгийн газар хуулийн төсөл санаачилж, УИХ батлах нь чухал байгаа. Бусад улс төрийн хүчнүүд нь мөн улстөржих шаардлагагүй, амаа нэгтгээд дэмжих ёстой. Тэр цагт малчид ч бэлчээрээ хайрлах сэтгэхүйтэй болно.

Малын хөлийн татварыг бий болгох санаачилга унадаг гол шалтгаан нь сонгуулийн мажоритар тогтолцоотой Монголын хувьд хөдөө орон нутгаас санал авах гол хүмүүс нь малчид. Тиймээс малчдад хайр зарлаж гэмээнэ санал авах магадлал өндөрсөнө. УИХ дээрх хуулийг батлахгүй бол нэг хэсэг нь татвар төлдөг, нөгөө хэсэг нь татвар төлдөггүй сугарч үлддэг шударга бус тогтолцоог халж чадахгүй.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж