Японд айлчилж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тус улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй дипломат яриа хэлэлцээ хийж, гольф тоглож байх зуур тэдний эхнэрүүд ням гаригт Токиогийн тансаг дэлгүүрүүдээр орж, сувдан эдлэлийн соёлтой танилцжээ.
АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп болон Акиэ Абэ нар эрт цагаас хойш Японы эзэн хааны гэр бүлийн үнэт эдлэлийг урлаж ирсэн ‘Микимото’ компанийн нэрийн дэлгүүр ‘Гинза’-гаар зочилсон байна. Кокичи Микимото 1893 онд дэлхийн хамгийн анхны таримал сувдыг гарган авч ‘Микимото’ брэндийг үндэслэсэн ажээ. Тус компани одоо Миэ мужид хясаа ургуулах замаар сувд тариалдаг гэнэ. Тэднийг Гинзад очих үед тусгай бэлтгэгдсэн сувд түүгч шумбагч бүсгүйчүүд угтаж авчээ.
Меланья Трамп твиттер хуудсандаа Акиэтэй хамт цай уун, Японы сувдны түүхийг сонирхож, үзүүштэй ‘Гинза’-гаар зочилсон тухайгаа бичсэн гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай Меланья нар ням гаригт Токиогийн Ёкота агаарын баазад бууж, Япон дахь гурав хоногийн айлчлалаа эхлүүлсэн юм. Шинзо Абэг хоёрдугаар сард АНУ-д айлчлах үеэр Меланья Акиэ Абэд япон цэцэрлэгт хүрээлэнгээ танилцуулсан гэнэ.