УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-ын Элчин сайдаар томилогдсонд эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр ‘Би хууль батлах, хуулийн хэрэгжилтийг ягштал хангуулахын төлөө ажилладаг. Б.Хурцтай би хувийн өш хонзон, хувийн маргаан байхгүй. Гэвч би Өргөдлийн байнгын хороог ахалж байхад Б.Хурцтай холбоотой өргөдөл багагүй ирж байсан. Тухайлбал, Д.Энхбатын гэрийнхэн Өргөдлийн байнгын хороонд ханддаг байсан” гэв. Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаад улс төрийн захиалгатай аллага байна гэж үзсэн. Одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Яг захиалагч нь хэн юм бэ гэж асуумаар байна гэлээ. Тэрбээр Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа дуулгав. Мөн Монголын олон гэр бүл Б.Хурцаас айдаг гэв. Түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.
-Монголын олон гэр бүл Хурцаас айдаг гэж та хэллээ. Та үүнийгээ баталж чадах уу. УИХ-ын гишүүн хүн хүн гүтгэж болохгүй байх?
-Манай найз нөхөд, таньдаг хүмүүс, ээж маань хүртэл айж байна. Манай ээж над руу яриад ‘Миний хүү Хурцын асуудлыг битгий яриач. Аймар хүн, Д.Энхбатыг авч ирээд аминд нь хүрсэн’ гэж хэлсэн. Б.Хурц бол Монгол Улсын иргэн, тиймээс түүний томилгоотой холбоотой асуудлыг УИХ-аар ярих ёстой гэж би үзэж байгаа юм.
-Таны цаана Ц.Нямдорж байна гэсэн хардлага байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нартай зөвлөлдөж байгаа. Тэдэнтэй уулзсан. Б.Хурц өнгөрсөн дөрвөн жил Худалдаа хөгжлийн банкны биет төлөөлөгчөөр ажилласан. Ордонд бичиг бариад гүйдэг хүн байсан. Намайг ийм асуудалд ярихаар УИХ-ын гишүүд эмээдэг. Алийн бүр мафийн толгойлогчоос айж явах юм бэ. Зарим улс төрч надад хэлэхдээ Б.Хурцыг Өмнөд Солонгосын Элчин болгож холдуулахгүй бол “бөлдөгдөөд” байдаг юм гэсэн. Бөлдөгтэй улстөрчид Б.Хурцыг холдуулахын төлөө Элчингээр явуулж байгаа юм уу. Энэ бүх асуудлыг нээлттэй ярих хэрэгтэй.
Т.ДАВААНЯМ