МАН: Хоригийг хэлэлцэхгүй бол санхүүжилт гацаж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

МАН: Хоригийг хэлэлцэхгүй бол санхүүжилт гацаж байна

МАН: Хоригийг хэлэлцэхгүй бол санхүүжилт гацаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дөнгөж сая мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Х.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө. 2017 оны төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Ерөнхийлөгчийн хоригт хууль зөрчсөн гэсэн асуудал дурдаагүй учраас хоригийг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хүлээн авахгүй боломжгүй гэжээ. Бүлгийн хуралд 65 гишүүний 70 орчим хувь нь оролцсон байна.

Мөн бүлгийн хурлаар 2018 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны төсөв хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг шалгаж маргааш Байнгын хороонд дүгнэлтээ танилцуулах юм байна. Ажлын хэсэг 2018 оны төсөв ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзжээ. 2018 оны төсвийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг нийцэж байгаа эсэх болон 2018 онд Засгийн газар орлогоо нэмэгдүүлж, зарлагаа бууруулсан эсэхийг ажлыг хэсэг шалгаж байгаа юм байна. Мөн МАН-ын бүлгийн гишүүдээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 100 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргасныг гишүүд дэмжсэн учраас ажлын хэсэг дүгнэлтээ энэхүү саналыг оруулахаар болсон талаар ажлын хэсгийн ахлагч Х.Тогтохсүрэн мэдээлсэн. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-МАН-ын бүлгийн хуралд оролцсон гишүүдийн хэд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж дэмжсэн бэ. Өмнөх хоригийг харахад МАН-ын гишүүд 100 хувийн саналаар хүлээж авахгүй гэсэн боловч чуулганы хуралдаан дээр зарим гишүүд хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн?

-Бүлгийн хурлын ирц 70 гаруй хувьтай байсан. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн. Өмнөх хориг дээр гэвэл зарим гишүүн нь бүлгийн хуралд оролцоогүй байсан. УИХ-ын чуулганы хуралдаанд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байх. Энэ удаад ч гэсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж асуудал гарахгүй байх гэж найдаж байна.

-2018 оны төсвийг долоо хоногийн хугацаанд хэлэлцэх боломжтой. УИХ-ын гишүүд төсөвтэй танилцаж, чамбай төсөв батлах боломж байна уу?

-2018 оны төсөвтэй УИХ-ын гишүүд танилцах хангалттай боломж бий.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөх саналыг бүлэг гаргажээ. 2017 оны төсвийн тодотголд ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгох нэрийдлээр гишүүдэд нэг тэрбум төгрөг хуваарилсныг Сангийн сайд хассан. Тэгэхээр одоо орж ирж байгаа 100 тэрбумыг нөгөө хассан 72 тэрбум  төгрөг эргээд ороод ирэв үү гэсэн хардлага төрүүлж байна?

-2017 оны төсвийн тодотгол хэлэлцэж байх үед гишүүдэд нэг тэрбум төгрөг тараах гэж байсан талаар яриа гарсан. Би бол хувьдаа УИХ-ын гишүүдийн мөнгө төсөвт суух боломжгүй гэж бодож байна. Энэ асуудлыг гаргаж ярьсан хүмүүстээ бид бүлгийн хурал дээр анхааруулга өгсөн. Цаашид гишүүдийн төсөв гэж байгаа бол нэрээр нь тусгах ёстой, үгүй бол тойрогт нь хуваарилсан мөнгөө тодорхой хэлж байх хэрэгтэй гэдгийг хэлсэн. 2017 оны төсвийн тодотголд тусгасан 72 тэрбум төгрөг бол ХХААХҮЯ-ны шугамаар жижиг, дунд үйлдвэрлэлд олгож буй мөнгөний эх үүсвэрийг нэмэгдүүлж тооцсон мөнгө. МАН-ын бүлгийн зүгээс орон нутгаар болон яамдаар дамжиж байгаа хөрөнгө оруулалтад УИХ-ын гишүүд хяналт сайн тавьж байгаарай гэдэг анхааруулгыг өгч байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан 94,5 тэрбум төгрөг нь ямар зардлуудыг танасан юм бэ. Уг нь зардлаа хасах нь зөв байх ёстой. Гэтэл яагаад Ерөнхийлөгч хориг тавих болов. Ерөнхийлөгчтэй холбоотой зардлыг хассан юм уу?

-Ерөнхийлөгчийн хоригт дурьдсан 94,5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалын зардлаас хассан. 60 орчим төсөл хөтөлбөрийг хооронд нь зохицуулалт хийж байж хассан зардал байгаа юм. Цаг хугацааны хувьд хөрөнгө оруулалтын зардалд тодорхой тавих шаардлага байх ёстой. Үлдэж байгаа нэг сарын хугацаанд зарим нэг төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө санхүүжилтийг бүрэн өгч дуусгах боломжгүй төслүүд байсан учраас хассан гэж ойлгож болно.

-Засгийн газрын өрийн хэмжээ ирэх онд хэр зэрэг нэмэгдэх вэ. Сөрөг хүчний зүгээс жил бүр Засгийн газар нэг их наяд төгрөгөөр өрөө нэмээд яваад байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан?

-2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газар ОУВС-тай хоёр зүйлийг тохирсон. Үүнд, зарлага нэмэхийг тулд орлого нэмэгдүүлэхийг хориглосон, төсвийн алдагдлыг найман хувьд барих ёстой гэдэг дээр талууд тохиролцсон. 2017 оны жилийн эцсийн тодотголоор 2,7 их наядын алдагдал буюу ДНБ-ний 9,5 хувьтай байгаа юм. Үүнийг 1,5 хувиар бууруулж оруулж ирж байгаа учраас төсвийн алдагдлыг нэмэх боломжгүй болж байгаа юм. Төсвийн тогтовортой байдал, төсвийн хүрээний мэдэгдэлд өрийн хэмжээг ДНБ-ний 80 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. 2018 онд Засгийн газар ДНБ-ний 76,1 хувьд байхаар оруулж ирсэн. Тиймээс энэ нь хуульд бүрэн нийцэж байна гэж үзэж байгаа.

-Ерөнхийлөгч Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсанаар бүтээн байгуулалт хийсэн санхүүжилт, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг олгогдохгүй асуудал үүсээд байгаа. Хоригийг хэзээ хэлэлцэх вэ?

-Төсвийн тодотгол баталсны дараа шууд хэрэгжих ёстой байсан ч Ерөнхийлөгч 14 хоногийн дараа хориг тавьсан. Тиймээс бид Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээж авна, авахгүй гэсэн шийдвэр гаргахаас нааш ямар ч санхүүжилт олгогдохгүй. Тиймээс УИХ аль болох богино хугацаанд хоригийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцээд ирэх Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой. Тэгэхгүй бол маш олон чухал асуудал хойшилж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж