Энэ 11-р сарын 10-ны өдөр АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт хоёр жил гаруй гүйцэтгэсэн албан томилолтоо дуусган нутгаа зорино.
2015 онд томилогдон ирснээсээ хойш Элчин сайд Монгол Улсын төр засаг, нийгмийн бүхий л салбаруудтай идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой, Монголоос одоогийн байдлаар 200-гаад хүн хамрагдаад байгаа Фулбрайт хөтөлбөрийн 70 жилийн ой зэрэг хэд хэдэн чухал ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Элчин сайд Галтын удирдлага дор Элчин сайдын яам нь БНАСАУ-аас тогтвортой бус байдал үүсгэж буйгаа зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уйгагүй шахаж шаардан ажиллалаа. Элчин сайд Галт мөн дэлхий дахинаа энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оруулж буй хувь нэмрийг үнэлж, дэмжсээр ирсэн билээ.
Элчин сайд эдийн засгийн хамтын ажиллагаанд голчлон анхаарч, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэн, АНУ-аас хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг Монголд авчрах, мөн Гадаад харилцааны сайдтай хамтран Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөллийг Вашингтонд аваачих зэрэг ажлыг зохион байгуулж байв. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хөхиүлэн дэмжих талаар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль тогтоомж батлахад нь Монгол Улсын засгийн газарт дэмжлэг үзүүлж, улмаар 2017 оны 3-р сард АНУ-Монгол Улсын Ил тод байдлын хэлэлцээр хүчин төгөлдөр болох үүдийг нээсэн юм. Элчин сайд Галт АНУ-д төвтэй Мерси Кор ТББ болон ХХААХҮЯ-тай хамтран Монгол Улсад махны экспортын салбарыг хөгжүүлэх зорилго бүхий 10 сая ам.долларын хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн тэрээр АНУ-ын ОУХА-тай хамтран Монголын жижиг, дунд бизнесүүдийг дэмжих 25 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ Элчин сайдын удирдлага дор Мянганы сорилтын корпораци Улаанбаатарт нүүрлээд буй цэвэр усны хомсдлын асуудлыг шийдвэрлэж, урт хугацаандаа хотын цэвэр усны тогтвортой системийг бий болгоход хөрөнгө оруулалт хийх төсөл боловсруулаад байна.
Элчин сайд онцгой анхаарал хандуулсны үр дүнд залууст зориулсан хөтөлбөрийн хамрах хүрээ ихээхэн өргөжсөн байна. Азийн орнуудаас Монгол Улс FLEX буюу “Ирээдүйн манлайлагчдын солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдсан эхний орон болж, энэ онд дунд сургуулийн 10 сурагч АНУ-д нэг жилийн хугацаагаар суралцаж байгаа бөгөөд ирэх оноос жилд хамрагдах сурагчдын тоог 20 болгон нэмэгдүүлнэ. Мөн залуу мэргэжилтнүүдэд АНУ-д хөтөлбөрт хамрагдаж ирээд эх орондоо нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт оролцох боломжийг олгодог, АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэй LEAD буюу “Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагч” хөтөлбөрийг Элчин сайд эхлүүлсэн билээ. Элчин сайдын манлайлал дор Увс аймгийн Улаангом, Дорноговь аймгийн Сайншанд хотод Америкийн соёл, мэдээллийн төв шинээр нээгдэн, Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл бүхий цэцэрлэгийн барилгуудыг АНУ-ын Батлан хамгаалах яамны хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтээр барьж, хүлээлгэн өгчээ.
Элчин сайд Галт Вашингтон хотноо буцаж очоод Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч бөгөөд Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллер дараагийн элчин сайд томилогдтол хэргийг түр хамааран ажиллах болно.
Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ