Д.Трампын Азийн айлчлал

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Д.Трампын Азийн айлчлал

Д.Трампын Азийн айлчлал

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Азийн таван оронд айлчлах 12 хоногийн айлчлалаа эхэлжээ. Д.Трамп Япон, БНСУ, Хятад, Вьетнам, Филиппин зэрэг орнуудад айлчлах юм. Айлчлалын үеэр Хойд Солонгосын цөмийн хийрхэл болон худалдааны асуудлууд анхаарлын төвд байна гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. 1992 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш Азийн орнуудад 12 хоногийн айлчлал хийхдээ ханиад хүрч, Японы ерөнхий сайд асан Кийчи Мияазавагийн өвөр дээр бөөлжсөн явдал гарсан. Түүнээс хойш АНУ-ын ерөнхийлөгчид Азид үүн шиг олон хоногийн айлчлал хийгээгүй билээ. Д.Трамптай хамт АНУ-ын томоохон компаниудын захирлууд дагалдан яваа нь худалдааны олон гэрээ байгуулахаар зорьж буйн шинж бололтой.

Япон

Хавайн арал дээр түр буудалласныхаа дараа Д.Трампыг арваннэгдүгээр сарын 5-нд Японд буухад парламентын сонгуульд ялалт байгуулж, засгийн газраа дөнгөж байгуулсан ерөнхий сайд Шинзо Абэ тосон авчээ. Хоёрдугаар сард Вашингтонд айлчлахад Д.Трамп түүнтэй  гольф тоглосныг Шинзо Абэ мартаагүй тул энэ удаа түүнийг Японд айлчлахад дэлхийн дөрөвдүгээр зэргийн гольфчин Хидеки Мацуяаматай хамт гольф тоглох санал тавьсан байна. Гэвч талуудын хэлэлцэх чухал асуудал нь мэдээж гольф биш, Хойд Солонгосын цөмийн аюул заналхийлэл гэдэг нь тодорхой. Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр Японы Хоккайдо арлын дээгүүр хоёр ч удаа цөмийн пуужин харвасан Хойд Солонгосын цөмийн хийрхэлд тэвчээр алдах шахаж буй Д.Трампын байр суурийг Шинзо Абэ дэмжиж буй. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход яриа хэлэлцээ хангалтгүй гэдгийг АНУ болон Япон аль алин нь ойлгож буй.  Хойд Солонгосын худалдааны 90 хувийг эзэлж буй хилийн худалдааг бүрмөсөн зогсоох нь чухал гэдгийг АНУ, Япон хэлэлцээрийн үеэр онцолжээ.

Гэвч Солонгосын хойгт дайн дэгдлээ гэхэд зөрчил сөргөлдөөний голомтод ойрхон байгаа Япон том эрсдэл хүлээж байгаа юм. Хойд Солонгосын удирдагчийг “Пуужинтай эр” хэмээн хочилсон Д.Трампын хувьд аюулаас хол учраас одоо үүсээд буй хурцадмал байдлыг дэврээхээс айхгүй байгаа юм. Харин Шинзо Абэ үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, өөрөө өөрийгөө батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхийг хүсэж байгаа билээ. Д.Трамп үүнийг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй.

БНСУ

Д.Трамп энэ сарын 7-нд БНСУ-д түр үдлэхээр төлөвлөсөн. Түүнийг 60 гаруй жилийн өмнө хоёр улсад хуваагдсан Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд айлчлах тухай яриа гарсан ч туслах нь үүнийг үгүйсгэсэн юм. Д.Трамп Сөүлээс 40 км-ийн зайд орших АНУ-ын цэргийн баазаар эхэлж зочлох бөгөөд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа Хойд Солонгосын асуудлыг голчлон хэлэлцэх ажээ. Д.Трамп мөн БНСУ-ын парламентад үг хэлэх гэнэ. Мүн Жэ Ин Хойд Солонгосын асуудлаар Д.Трамп болон Шинзо Абэтэй санал зөрөлддөг.  Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэсний төлөө Хойд Солонгост хариуцлага тооцох ёстой гэдэг дээр талууд санал нийлсэн ч Мүн Жэ Ин асуудлыг дипломат аргаар хэлэлцээний шугамаар шийдэхийг илүүд үзэж байгаа юм.  АНУ-ын (THAAD) пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт суурилуулсныг Хятад тус бүс дэх цэрэг, зэвсгийн хөдөлгөөнийг тагнах боломжтой гэж үзэж эсэргүүцсэн. Гэвч Бээжин, Сөүл саяхан энэ асуудлаар зөвшилцөлд хүрсэн нь Пхеньяны эсрэг нэгдэж буйн тэмдэг гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хэлэлцээрийн ширээн дээрх бас нэгэн чухал асуудал нь АНУ-БНСУ-ын чөлөөт худалдааны гэрээ билээ. Солонгосын тал АНУ, БНСУ-ын чөлөөт худалдааны гэрээ буюу “KORUS”  байгуулахаар урьдчилсан байдлаар тохирсон боловч  АНУ хойшлуулсан юм.

Хятад

Д.Трамп энэ сарын 8-нд Бээжинд айлчлах үеэр худалдааны асуудлаар голчлон яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Ялангуяа  Хятадад АНУ-ын зарим компаниудын үйл ажиллагаанд хориг тавьсантай холбоотой асуудлууд сөхөгдөх бололтой.  Мэдээж, Хойд Солонгосын асуудал яригдах нь гарцаагүй. Д.Трамп Си Жиньпинээс Хятадад ажиллаж буй Хойд Солонгосын хөлсний ажилчдыг бүгдийг нь нутаг буцааж, Хятад-Хойд Солонгосын хилийн худалдааг бүрмөсөн зогсоох, Пхеньянтай харилцдаг банкуудын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж магадгүй гэж ажиглагчид бичиж байна.  Талууд худалдааны олон арван гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн.  Гэвч тэдгээр гэрээнүүд биелэх нь тун цөөн. Дөрөвдүгээр сард Д.Трамп, Си Жиньпин хоёр эдийн засгийн хамтын ажиллагааны 100 хоногийн төлөвлөгөө гаргаж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан ч хэрэгжсэн нь тун ховор. Хятадын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгчийг айлчлах үеэр Их цагаан хэрмийг үзүүлдэг уламжлалтай. Д.Трампын айлчлалын зорилго нь  Хятадын зах зээлд орохыг хориглосон АНУ-ын компаниудад эрх олгох, мөн Хойд Солонгост төмөр нүүр харуулахыг Хятадаас ятгах юм.

Вьетнам

Д.Трамп энэ сарын 10-нд Вьетнамд айлчлахдаа “Транс-Номхон далайн хамтын ажиллагаа” чөлөөт худалдааны гэрээний байгууллагын 21 гишүүн орны удирдагчдын тэн хагас нь оролцох “Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны эдийн засагч лидерүүдийн уулзалт”-д оролцож, нэг сумаар хоёр туулай буудахаар төлөвлөжээ. Хэдийгээр Энэтхэг тус байгууллагын гишүүн биш боловч Д.Трамп  “Чөлөөтэй, нээлттэй  Энэтхэг-Номхон далай” сэдвээр илтгэл тавих ажээ. Түүний илтгэл нь АНУ-ын Азид ямар бодлого явуулж буйн нэг илрэл юм.  Д.Трамп Ази-Номхон далайн бүс нутагт авторитари Хятадыг биш Энэтхэгийг АНУ-ын түнш хэмээн нэрлэсэн нь санамсаргүй унагасан үг биш бололтой.

Филиппин

Энэ сарын 12-нд Д.Трампыг Манила хотод Филиппиний популист ерөнхийлөгч Родриго Дутерте “Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо”-ны 50 жилийн ойн хүрээнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Вьетнамын удирдагч нарын хамт угтаж авах ажээ. Хар тамхины эсрэг цуст дайн зарласан Дутертетэй  Д.Трамп дөрөвдүгээр сард утсаар ярихдаа “хар тамхитай тэмцэхэд итгэмээргүй амжилт олсон” хэмээн ихэд магтсан гэдэг.  Хоёр орны төрийн тэргүүний энэ уулзалтаар хүний эрхийн тухай асуудал мөн л сөхөгдөхгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж