Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны авга дүү Ким Хан Солыг хөнөөхийг завдсан хөлсний алуурчдыг Хятадын хууль сахиулагчид баривчлан саатуулжээ.
Ким Хан Сол нь Малайзын нисэх буудалд өнгөрсөн хоёрдугаар сард бусдад хорлогдож амиа алдсан, Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун Намын ганц хүү нь юм.
Өмнөд Солонгосын “Жун Ан Ильбо” сонинд мэдээлснээр Ким Хан Солын амийг бүрэлгэхээр долоон хүн очсон, тэдний хоёрыг нь баривчлан саатуулж, байцааж байгаа ажээ. Сэжигтэн этгээдүүд нь гадаад орнуудад тагнуулын ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын Тагнуулын ерөнхий товчооны ажилтнууд байсан гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага ямар нэг мэдээлэл, тайлбар гаргаагүй байна.
Ким Хан Сол нь 22 настай, Макаод төрж өссөн, Босни ба Херцеговина улсын Мостар хотод олон улсын сургуульд суралцаж байжээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө Финляндын сонинд өгсөн ярилцлагадаа авга ах Ким Чен Ун, мөн өвөө нь болох Ким Чен Иртэй хэзээ ч уулзаж байгаагүй гэдгээ хэлсэн байдаг. Тэрбээр “Би Ким Чен Ирийг таалал төгсөх хүртэл нь хүлээсэн. Намайг байдаг эсэхийг ч тэр мэддэггүй байсан ч намайг олоод ирэх байх гэж найддаг байлаа. Түүнийг ямаршуухан хүн байдгийг л мэдэхийг хүсдэг байсан” гэж ярьжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард эцэг нь алагдсаны дараа Ким Хан Сол видео бичлэг интернэтээр цацаж, ээж болон охин дүүгийн хамт аюулгүй газарт ирсэн тухайгаа хэлж байсан юм.
С.ЦЭЛМЭГ