Эрэн сурвалжлах сэтгүүлчид Их Британийн оффшор вант улсад явуулсан өргөн хүрээтэй эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд энэ удаа татваргүй бүсэд хөрөнгөө нуусан дэлхийн томоохон бизнесменүүд, төрийн тэргүүд, нэр нөлөө бүхий улстөрчид, урлаг спортын алдартнуудын шинэ нэрсийг илчилсний дунд цог жавхлант хатан хаан II Элизаветын нэр хүртэл багтжээ. Олон нийтэд ил болгож буй 13.4 сая файл нь бүхий салбар дахь татвараас бултсан баян компаниудын хөрөнгөө хамгаалахын тулд ямар заль арга заль хэрэглэдгийн тод жишээ ажээ.
Германы ‘Süddeutsche Zeitung’ сонины олж илрүүлсэн оффшор компаниудын тэдгээр баримтуудыг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо, Их Британийн “BBC”, “the Guardian” болон “the New York Times”-тай хамтран олон нийтэд ил болгожээ.
Энэхүү төслийг Диваажингийн баримтууд хэмээн нэрлэж байгаа гэнэ. Ням гаригт олон нийтэд дэлгэсэн тэдгээр баримтууд дунд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизаветагийн үл хөдлөх хөрөнгийн компани Кaйманы арлуудын санд олон сая фунт стирлингийн хөрөнгө оруулсан тухай баримтууд багтжээ.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Сангийн сайд Уилбур Росс нарыг хөөдөж мэдэх баримтууд байгаа нь Уилбур Росс, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хүргэн Кирилл Шамаловын хамтран эзэмшдэг группээс оффшор бүс дэх компани руу шилжүүлсэн олон сая ам.долларын шилжүүлгүүд юм. Уилбур Росс 1990-ээд оны үед Д.Трампыг дампуурлаас аварсны төлөө түүнийг ерөнхийлөгч болоход сангийн сайдаар томилогдсон юм. Татвараас бултагчдын хөрөнгийг хадгалагч Кайманы арлуудын санг Канадын ерөнхий сайд Жастин Трудогийн засгийн газрын сайд удирддаг байна. Татвараас зугатсан томоохон корпорациудын дунд “Nike”, “Apple” –ын нэр ч мөн багтжээ. Лондонд бүртгэлтэй үндэстэн дамнасан уул уурхайн компани Glencore л гэхэд Конго улс дахь асар их баялагтай уурхайн лицензээ эрхээ зээл, холбоо нэрийн дор хадгалдаг нь илчлэгдсэн байна. Мөн Оросын хоёр тэрбумтан оффшор сүлжээгээ ашиглан Английн Арсенал, Эвертон зэрэг хөлбөмбөгийн клубын хувьцааг худалдаж авчээ.
Татвараас зайлсхийхийн эсрэг хатуу тэмцэнэ гэж ам тангараг өргөсөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй хоёрын нэр энэхүү “Диваажингийн баримт”-д багтсан нь олны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байгаа ажээ.
“Панамын баримтууд”-ын үргэлжлэл оффшор бүсэд хөрөнгөө нууцалсан тэрбумтан, саятнуудын нэрсийг ил гаргахын тулд 380 гаруй сэтгүүлч бүтэн жилийн турш өнгөрсөн 70 гаруй жилийн баримт, нотолгоог судалж, шинжилсэн байна.