Охин сургуульдаа орж байгаа дүрс бичигдээгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Охин сургуульдаа орж байгаа дүрс бичигдээгүй байжээ

Охин сургуульдаа орж байгаа дүрс бичигдээгүй байжээ

Найман настай охин сураггүй болоод дөрөв хонож байна.  Охиныг хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт 12.00 цагийн орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алхаж байсныг хөршүүд нь харжээ. Түүнээс хойш одоог хүртэл сураг, чимээ гараагүй учир Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс онц байдал зарлаж, охиныг эрэн хайж байна. Эрлийг чухам хаагуур, хэрхэн хийж буйг сураггүй болсон охины ээж Б.Хоролмаатай утсаар холбогдож, тодрууллаа. 


Охины ээжийн хэлснээр, эрлийн ажиллагааг Замын-Үүд дэх сэжиг бүхий газрууд гэгдэг хятадууд, архичид ихээр цугладаг бүх газарт явуулж, нэгжжээ. Мөн хилийн боомтоор дамжин өнгөрөх машин бүрийг шалгаж, сумын төвтэй ойрхон малчдынхаар хайж эхэлсэн байна.

Алга болсон охины нэрийг Д.Сэржмядаг гэдэг. Гуравдугаар ангийн сурагч. Хичээл нь өдрийн ээлжинд ордог.  Сураггүй болсон өдөр буюу дөрөв хоногийн өмнө охины аав, ээж хоёр ажлаар Сайншанд руу явсан байжээ. Тухайн өдөр охин хамгийн сүүлд 11.22 цагт ээж рүүгээ залгасан байна. Тухайн үед ээжийнх нь утасны цэнэг дууссан тул охиныхоо дуудлагыг авч чадаагүй аж. Удалгүй нөхрийнхөө утаснаас охин руугаа эргээд залгатал утас нь холбогдохоо больжээ. Энэ үед охиноо алга болно гэж төсөөлөөгүй, утас нь цэнэггүй унтарч дээ гэж бодсон гэв. Ингээд орой 16.40 цагийн үед охины ээж, аав хоёр Замын-Үүдэд иржээ. Утасны сүлжээ оронгуут том охинтойгоо утсаар холбогдож,  дүү Д.Сэржмядагийгаа сургуулиас нь  авахыг сануултал том охин нь уйлж, дүүгээ алга болсныг хэлжээ.  Ингээд охины гэр бүлийнхэн шууд сургууль дээр нь очиж, ангийн багштай уулзтал тухайн өдөр хичээлдээ ирээгүйг хэлсэн байна.  Охиноо алга болсныг мэдсэн аав, ээж хоёр нь 17.00 цагт сумынхаа цагдаад мэдэгдсэнээр эрлийг эхлүүлжээ.

Д.Сэржмядаг нь алга болох үедээ ягаан өнгийн хүрэм, бор түрийтэй гутал, сурагчийн дүрэмт хувцас, ягаан цүнхтэй явж байжээ. Уг нь аав нь охиноо өдөр бүр хичээлд нь хүргэж өгч, зөөдөг байсан ч тэр өдөр ажлын шаардлагаар үлдээгээд явжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал

Зарим мэдээллийн сайтуудад сураггүй болсон охиныг багш нь хичээлдээ хоцорсон шалтгаанаар оруулаагүй тухай цацах болсон. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал дээрх мэдээллийг үгүйсгэж, тайлбар өглөө. Түүний хэлснээр, хөршийнхөн нь сураггүй болсон Д.Сэржмядаг охиныг хичээлдээ явж байхыг нь харсан тухай мэдээлжээ. Гэрчийн мэдүүлгийн дагуу Замын-Үүдийн цагдаа нар сургуулийнх нь хяналтын камерыг шүүж үзэхэд сургууль руу нь орсон гэх дүрс бичигдээгүй байжээ. Тиймээс цагдаа нар охиныг хичээлдээ явах замдаа алга болсон гэж үзэж, самналтыг  хийж байгаа гэв. Сураггүй болсон охиныг хайх ажиллагааг Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс,ар гэрийнхэн, ах, дүү хамаатан садан, онцгой байдлын аврагчид, хөрш, найз нөхөд гээд 510 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 72 техник хэрэгсэл ашиглан өнгөрсөн өдрүүдэд өдөр, шөнөгүй эрэн хайсаар байгаа аж. Тодруулбал, Замын-Үүдийн цагдаа нар нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэхээс авхуулаад төмөр зам, авто замын чиглэлээр эрж хайх ажиллагаа үргэлжилж буйг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж