МАН-ын 28 дугаар Их хурал энэ сарын 20-21-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн Их хурлаар эрх баригч намынхан шинэ удирдагчаа сонгоно. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж намын дарга М.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болж байгаа юм. Эрх баригч намын шинэ дарга болон шинэ генсек хэн болохоос МАН төдийгүй Монголын улс төрийн хувь заяаг тодорхойлогдоно гэх хүлээлт үүссэн.
Ж.Эрдэнэбат VS У.Хүрэлсүх
Жинхэнэ өрсөлдөөн экс Ерөнхий сайд болон одоогийн Ерөнхий сайд нарын дунд өрнөнө. Нэгэнтээ МАН хоёр хэсэг “хуваагдсан”, УИХ дотроо ч 32, 33-ын бүлэг байгуулчихсан ил тод болсон. Тиймээс тэд өөр өөрсдийн хүнээ нэр дэвшүүлнэ. Мэдээж, засгийн эрх барьж байгаа бүлгээс намын даргад У.Хүрэлсүхийг сойно. Тэрбээр өөрөө ч намын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан. Хэдийгээр У.Хүрэлсүхийн танхим зуун хувь УИХ-аас бүрдсэн ч, өөрөө парламентын гадна байгаа учраас түүний хувьд одоогийн суудал хэзээд “ганхах” эрсдэлтэй. Тиймээс өөрийн байр суурийг хүчитгэхийн тулд У.Хүрэлсүх намын дарга болохоос өөр сонголт үгүй. 33-ын бүлгийн зүгээс У.Хүрэлсүхийг дэмжиж, намын дарга болгоход нь бүх хүчээ дайчлахаар Их хурлын гишүүдээ тойглож буй. Ганцхан 33-ын бүлэг төдийгүй одоогийн намын дарга болон “огцрогчдын” бүлэг буюу 32-ын бүлэг ч гэсэн Их хурлын гишүүдээ тойглож, өөрсдийн хүнээс намын дарга болгох бэлтгэлээ эхлүүлсэн гэх. Гэхдээ хотын фракц дэмжлэг муу байгаа гэдэг нь Ерөнхий сайдыг сонгох томилгооноос харагдаж байсныг энд тодотгох нь илүүц биз. Экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хувьд 32-ийн бүлэгт байгаа хамгийн “сайн” сонголт. Түүнээс өөр МАН-ыг удирдах хүн тус бүлэгт байхгүй гэхэд буруудахгүй биз. МАН-ын олонх болж, жилийн өмнө Засгийн газраа бүрдүүлж байхад Ж.Эрдэнэбатыг сул Ерөнхий сайд байх нь гэх хүн байсан бөгөөд өнгөрсөн жил гаруй хугацаанд хийсэн томилгоо, танхимаа бүрдүүлэх, аливаа шийдвэрүүдэд өөрийнхөөрөө байж чадаагүй гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. МАН-ын дарга М.Энхболд өөрөө Засгийн газраа тэргүүлсэн бол байдал өөр байх байсан гэж дүгнэх хүмүүс ч бий. УИХ-ын зарим гишүүд нь ч Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай байна гэж шүүмжилж байсан удаатай. Энэ удаад экс Ерөнхий сайд шинэ Ерөнхий сайд хоёрын хэн нь намын дарга болохоос МАН-ын цаашдын улс төр хэрхэн өрнөх, Засгийн газар тогтвортой байх эсэх нь шууд хамаарна.
Горилогчид ба боломжит хувилбар
Намын даргад өрсөлдөх горилогчид нэгээр тогтохгүй байгаа. МАН-ын дараагийн даргад хамгийн их яригдаж байсан хүн бол Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Түүнийг намын дарга болно гэх яриа байсан ч Хууль зүйн дотоод хэргийн сайдад дөрөв дахь удаагаа тухалсан учраас энэ удаад намын даргад горилогчийн жагсаалтаас хасагдаж буй. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас гадна яригдаж буй 32-ийн бүлгийн хүн бол С.Бямбацогт. Өмнөх Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан түүний хувьд намын даргад өрсөлдөх санаархал байгааг үгүйсгэхгүй. Түүнээс гадна Засгийн газраа огцруулахад гар бие оролцсон, өмнөх Засгийн газрын үйл ажиллагаанд төдийгүй намынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг хүн бол Ж.Энхбаяр. Шинэ Засгийн газар бүрдэхэд Шадар сайд, Батлан хамгаалахын сайл гээд олон албан тушаалд нэрлэгдэж байсан ч ямар нэг албан тушаалд томилогдоогүй. Түүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлээгүй ч улс төрийн хүрээнийхэн намын даргад нэр дэвших амбицтай хүн гэж дүгнэж байна. Өөр нэг таамаглаагүй хувилбар бол С.Баяр. Тэрбээр Их Британи улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдсон боловч шүүмжлэл, тэмцлээс болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн. Харин УИХ түүнийг Элчин сайдаас нь эргүүлэн татах уу эсвэл өргөдлийг нь хүлээж авахгүй байх уу гэдгээ эцэслээгүй байгаа. Өөрөөр намын даргад өрсөлдөх боломжтой, амбицтай хүний нэг нь Н.Дэмбэрэл. Тэрбээр намын даргад өрсөлдөнө гэдгээ нүүр номын хуудсаараа зарласан. Ийнхүү хоёр долоо хоногийн дараа болох МАН-ын Их хурлын 1100 орчим төлөөлөгчид шинэ даргаа тодруулах үүрэг хүлээж байна. Босоо тогтолцоотой, удирдлагаас оруулсан саналыг хоёр гараа өргөн дэмждэг байсан МАН-ынхны дунд энэ удаад ёстой л гал гарсан тулаан болж магадгүй нь ээ.
Ш.Чимэг