Ялагдсан нь хонзогнож, ялсан нь эрдсэн үечлэлүүд

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ялагдсан нь хонзогнож, ялсан нь эрдсэн үечлэлүүд

Ялагдсан нь хонзогнож, ялсан нь эрдсэн үечлэлүүд

Ноёдын тэмцэл дээд цэгтээ хүрч байх шиг байна. Эрх мэдлийн төлөөх дайнд ялагдсан нь хонзогнож, ялсан нь эрдсэн үечлэлээр Монголын түүх бичигддэг болжээ. Ийм үечлэлээр засаглал явж байгаа учраас хэтийг харсан бодлого хэнд ч хэрэггүй болжээ. Уг нь УИХ-аас салбар болгоны хөгжлийн үзэл баримтлал нэртэй сайхан бичиг баримт хангалттай гарсан ч цаасан дээрх тунхаг, хэн нэгний ажлын гүйцэтгэлийн тайланд л үлдэж.

Ялсан, ялагдсаны тэмцлийн мөчлөгт тохируулж ямар ч асуудлыг түр аргацаасан богино хугацааны арга мэхээр шийдвэрлэхийг оролдох боллоо. Ийм байдал удаан үргэлжлэх аваас энэ нь төрийг сулруулж, чадамжгүй болгон улмаар төрийн байгууламжийг мөхөөх аюултайг орчин цагийн нийгэм судлаачид сануулж байна.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хориод жилийн хугацаанд улс төрийн хоёр хүчин төрийн эрхийг сонгуулийн үр дүнгээр ээлжлэн  барьж байгаа ч жинхэнэ эрх мэдэл нам дамнасан бүлэглэлүүдийн гарт байна. Ийм бүлэглэл байгааг Ц.Нямдорж, Б.Хурц нарын хоёр долоо хоногийн өмнөх харилцан мэдэгдэл нотолсон. Бүлэглэл нэг нэгнийгээ барьцаалах хэмжээний “но”-г хангалттай цуглуулж, түүгээрээ дамжуулан эрх мэдэл, албан тушаалд хүрэх санаагаа гүйцээх маягаар ажилладаг үл үзэгдэх загварчлал бий болж байх шиг байна. Улстөрчид үүнийгээ “бөлдөгдөх, бөлдөгдүүлэх” хэмээн хэлж заншжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлээд байгаа 30 гэр бүлийн хоорондын харилцаа, эрх мэдлийн хуваарилалт, гомдол гоншгонол нь чухамхүү “хэдэн бөлдөг цуглуулсан”-аас хамаарч байгаа.

Том мөнгө тойрсон шийдвэрүүд зөвхөн бүлэглэлийн хүрээнд хийгдэж, харин жирийн иргэдэд зориулсан шийдвэр нь “монголчууд Аргентинд 30 хоног визгүй зорчих эрхтэй боллоо” гэх маягийн. Ертөнцийн нөгөө бөөрөнд байгаа Аргентин руу монголчуудын хэд нь визгүй зорчиж төрийн энэ их хайр хишгийг эдлэх юм бол доо.

Ийм хуурай хайр зарласан шийдвэр олшрох тусам засаглалд дургүйцсэн, эгдүүцсэн хүмүүс олширч байгааг улстөрчид анзаарах сөгөө байгаа болов уу. Нийгмийн сэтгэл зүй ханамжгүй байгааг үнэнээр нь хэлээд гаргаад ирэх социологийн судалгаа хийдэг газар ч ховордож. Судалгааны төв нэртэй газар олон байгаа ч бүгд улс төрийн эрх ашиг бүхий болсон нь нууц биш. Уг нь жирийн хүмүүс төр засгаас биелэхээргүй их зүйл хүсдэггүй. Тэд зөвхөн мөрөөрөө ажлаа хийж, хөдөлмөр зүтгэлдээ таарсан цалин авч, татвараа төлсний хариуд эрүүл, аюулгүй байж, үр хүүхдээ сургаж боловсруулахыг хүсч байгаа. Түүнээс биш Аргентин руу 30 хоног визгүй зорчих хэрэгцээ байхгүй.

Өнөөгийн улстөрчдийн засаглалын арга барилыг хүлээн зөвшөөрөхгүй, амьдралынх хэрэгцээ шаардлагыг хангах орчин нөхцөл бүрдүүлж өгөхгүй байгааг шүүмжлэх хэсэг олширч байна. Монголын нийгэм бол зарим орны хүн амтай харьцуулбал боловсролын түвшин өндөртэй. Засаглаж байгаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг олширч байна гэдэг бол эрх баригчдад том дохио. Үүний хамгийн тод илрэл хаврын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэнд ч санал өгөхөөс татгалзсан 90 мянган сонгогч юм.

Ажилтай нь ч, ажилгүй нь ч амьдрал уруудаж байгаа талаар ярьдаг болжээ. Өнөөгийн байгаа байдал Р.Чойномын тавиад жилийн өмнө бичсэн шүлгийн мөрүүдээс ялгагдахгүй байна.

Хөгшин залуугүй уугаад л

Хөдөө гадаагүй суугаад л

Зон олон маань нэг л

Зовсон шинжтэй байх юм

Ажлын бүтээл багадаад л

Арын хаалга ихсээд л

Улс орон маань нэг л

Унасан шинжтэй байх юм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж