Дэлхийн хөгжингүй орнуудын хөгжлийн гол түлхүүр нь өөрийн орны хөгжлийн төвшнийг дотооддоо үнэлэх биш харин бусад улс орнуудад яаж үнэлдгийг судалгааны үндсэн дээр тогтоож, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэгт оршдог. Хэдийгээр Монгол Улс хожуу ‘Үндэсний брэндийн зөвлөл’-тэй болсон ч улсынхаа үнэ цэнийг дэлхийд тамгалах боломж бололцоо бий гэдгийг Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны дарга Б.Батгэрэл онцолж байлаа.
-Үндэсний брэнд бусад брэндээс юугаараа онцлог, ялгаатай байдаг бэ?
-Брэнд, Үндэсний брэнд гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Брэнд нь аливаа нэг компанийн бүтээгдэхүүн, түүний лого бүхий барааны тэмдэгт, чанарын батламжийг илэрхийлдэг. Жишээлбэл, Говь, Гоёо гэх мэт. Харин үндэсний брэнд гэдэг ойлголт нь аливаа улс үндэстний онцлогыг илэрхийлдэг юм. Үүнд, байгаль, цаг уур, үндэсний түүх, өв, соёл, уламжлал, зан заншил, урлаг соёл, төр нийгмийн харилцаа, эдийн засгийн байдал зэрэг өргөн хүрээний биет болон биет бус хүчин зүйлүүд багтдаг.
Үндэсний брэндийг нэг өнгө, нэг үгээр илэрхийлж, үндэсний бахархал болсон зүйлээр илтгэх, түүнийг хөгжүүлэхэд Засгийн газрын бодлого нь чиглэгдсэн байх ёстой. Хорвоо ертөнцөд хамгийн их хомсдож байгаа нөөц бол хүмүүсийн “анхаарал” болоод байна. Энэ анхаарлыг Монгол Улс руугаа татахын тулд ямар нэгэн өнгө, нэг үгээр л илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь “улаан” өнгө эсвэл “луу”-ны дүрс байхад хэн ч Хятад улс гэж шууд л ойлгодог. Харин Монгол Улс язгуур мөн чанар бүхий “түлхүүр үг”-ээ өнөөдрийг хүртэл тодорхойлоогүй явж байна. Монгол Улсыг нэг айл өрх гэж бодоход дэлхий дээр 200 гаруй айл өрх амьдарч байна. Нэг айлд очлоо гэхэд тэр нь нэртэй, язгуур мөн чанартай байх ёстой. Тэгвэл үндэстний язгуур дүр төрхийг монгол хүний ген, хамгийн сайн сайхан чанар, өв соёл, үнэт зүйл бүгд цогцоор нь нэгтгэж гаргаж ирэх нь чухал байна. Энэ язгуур дүр төрхийг бид нэг л “түлхүүр үг”-ээр дэлхийд таниулахгүй бол “Бид Чингисийн Монгол, Бид нүүдэлчин соёлтой, тэнгэр заяатай” гэх зэргээр дэлхийн олон улс оронд урт тайлбартайгаар танилцуулаад байх боломж хомс. Тиймээс нэн тэргүүнд улс орныхоо Үндэсний брэндийг бий болгоод дараа нь хотууд, орон нутгийн брэнд гэсэн дараалалтайгаар бий болгох хэрэгтэй.
-Үндэсний брэндийг бий болгох судалгааны ажил ямар түвшинд явж байгаа вэ?
-Эхний ээлжид бидний давуу болон сул тал юу вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ хүрээнд гаднын улс орнууд биднийг хэрхэн хардаг вэ гэдгийг мэдэх зорилготойгоор судалгаа явууллаа. Одоогоор БНСУ, БНХАУ, Япон, Их Британи, АНУ, ОХУ зэрэг зургаан орны 3000 хүнээс Монголыг илэрхийлэх түлхүүр үгний судалгаа явуулаад байна. “Морьтон Монгол”, “Өргөн тал нутаг” гэх мэт 200 гаруй үг эхлээд гарч ирсэн. Тэдгээрийг шинжлэн судлаад 16 үг үлдсэнээс дахин агуулгыг нь нэгтгээд 12, 6, 3, 1 гэсэн байдлаар шүүгээд нэг л түлхүүр үгийг гаргаж авах юм. Монголчууд бид өөрсдийгөө хэрхэн үнэлдгийг тодорхойлохоор Нийслэлийн есөн дүүрэг, төрийн байгууллагын ажилтнаас бүрдсэн 1500 иргэдээс судалгаа авлаа. Мөн 21 аймаг, нийслэлийн мэргэжилтнүүдээс тус бүр гурав, гурван хүн бүрдүүлэн нийт 66 мэргэжилтнүүдээс нүүр тулсан ярилцлага /FGI/ хийсэн. Эцсийн нэг түлхүүр үг гарч иртэл шат дараалсан судалгаа, ярилцлага, хэлэлцүүлгүүд хийгдсээр байх болно. Судалгаанаас харахад зарим гадаад улсын иргэд Монгол улсыг мэдэхгүй гэх хариу гарсан. Дэлхийн 200 гаруй улс орны дунд Монгол улс байдаг гэдгийг долоон тэрбум хүний ихэнх нь мэдэж байх ёстой. Магадгүй Монгол Улсын тамирчид олон улсын тэмцээнд ороход тэр хүрээний хүмүүс Монгол улс гэж мэддэг байх. Харамсалтай нь, Монгол Улсыг мэддэгээсээ илүү мэдэхгүй улс орон олон байдаг юм байна.
Ийнхүү судалгааны дүнгээс бид нар өөрсдийн мэддэггүй сайн талыг гадаадын хүмүүсээс мэдэж авсан. Мөн өөрсдийн мэддэггүй муу талыг ч бусад улс орны хүмүүсээс мэдэж авлаа. Энэхүү судалгааны ажилд зөвлөхөөр дэлхийд нэгдүгээрт ордог гүрэн дамнасан “Edelman” компани хамтран ажиллаж байна. Тус групп нь 1952 оноос хойш дэлхий даяар 30 гаруй улс оронд өөрийн салбараа байгуулан ажиллаж байгаа судалгааны гүрэн дамнасан корпораци юм. Өөрийн 30 улс орны сүлжээгээр 6000 брэндийн мэргэжилтнүүд мөн гадаадын зургаан орноос авах судалгааг хийж өгсөн.
-Үндэсний брэндийг нэг үгээр илэрхийлэн гаргаж ирэх боломжтой юу?
-Бид нар Солонгос улсыг Samsung компаниар төсөөлдөг. Харин Америкийг Apple болон Ford компаниар төсөөлдөг. Өндөр хөгжилтэй орнуудын компаниуд нь улс орныхоо брэндийг авч явдаг. Монгол Улсын хувьд дэлхийд төлөөлөх том компани одоогоор алга. Үндэсний брэнд нь дэлхийд танигдсан цагт компанийн брэндийн үнэ дээшлэх учиртай. Чингис хаан гэдэг үг Монголыг төлөөлнө гэж бодъё. Гэтэл Чингис хааныг Европчууд таашаадаггүй, харин Азичууд бол мэднэ. Тийм учраас бусад 200 гаруй улс орны хүмүүст таалагдах үг, дүрс, өнгө сонгох том сонголттой учраад байна. Судалгааны үр дүнгээс нэг л үг сонгогдоно. Тэр сонгогдсон үгээр гадаад орны хүмүүс Монгол Улс руу татагдаж ирээд Монголын агуу түүхтэй танилцаад, бишрээд явах нь л бидэнд чухал болоод байна. Намайг 15 жил Солонгос улсад худалдааны төлөөлөгч хийж байхад танай улс тусгаар тогтносон улс юм уу гэх мэтчилэн асуултуудыг олон хүмүүс асуудаг байсан. Тэр болгонд бухимддаг байлаа. Гадаадад амьдардаг Монголчууд миний энэ яриад байгаа зүйлийг сайн мэднэ. Ийм ч учраас өөрийн орныг төлөөлөх үндэсний брэндтэй болох зайлшгүй шаардлагатай.
-Тэгвэл Үндэсний брэндийг бий болгох ажил ямар үе шатанд явна вэ?
-Судалгааны явцад шүүсээр одоогоор 6 үг шигшээд байна. Үүнээс зөвхөн нэг нь л сарын сүүлээр “Brand Identity” буюу “түлхүүр үг”-ээр тодорно. Үүнийгээ брэндийн чиглэлээр мэргэшсэн дэлхийн 6000 гаруй мэргэжилтнээр хянуулна. Энэ бол маш том ажил. Үүнийг эцэслээд Ерөнхий сайдад өргөн барина. Дараа нь 12 дугаар сард “Visual Identity” буюу “язгуур дүр төрх”-өө тодруулна. Мөн Үндэсний брэндийн зөвлөлийн дэргэд Зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Энэ нь дотроо дөрвөн чиглэлтэй. Эхний ээлжинд Монголч эрдэмтэд, түүхчид, урлаг спортын төлөөлөл болсон зөвлөл байгууллаа. Одоо удахгүй Монгол Улсыг гадаадад төлөөлж чадахуйц компаниудын төлөөлөлтэй зөвлөл байгуулна. Дараа нь улс орны алсын харааг тодорхойлж байдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай зөвлөл байгуулах юм. Мөн хэвлэл мэдээлэл гэсэн чиглэлээр хамтран ажиллах болно.
-Ирэх жил гэхэд Монгол Улсын Үндэсний брэнд бий болно гэж ойлгож болох уу?
-Судалгаа энэ жилдээ дуусна. Тиймээс дараа жилийг бид “Монгол Улсыг дэлхийд зарлах жил” болгон зарлахаар төлөвлөж байгаа. Дэлхийд зарлахдаа бүх улс оронд бус улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хамтын ажиллагааны зорилтот дөрвөөс таван улсад чиглэнэ. Энэ улсуудад танилцуулсны дараагийн хоёр, гурван жилээс эхлэн Монгол Улсыг мэддэг, зөв, эерэг ойлголттой нэг сая жуулчин ирэх бүрэн боломжтой гэж тооцоолж байгаа. Хэрэв нэг сая жуулчин ирсэн байхад цаашид хоёр, гурван сая болгоход амар байдаг. Жилд дунджаар Монголд 500 мянган жуулчид ирдэг гэвэл дэлхийн нийт хүн амыг таван тэрбум гэж бууруулж тооцоход дэлхийн 10,000 хүн тутмын нэг хүн л Монголд ирдэг гэсэн тооцоо байна. Үндэсний брэндээ гурваас таван жил тогтмол хоногшуулан таниулсанаар жилд ирэх жуулчдын тоог дунджаар нэг сая хүргэвэл нэг жилд Монголын эдийн засагт орох орлогыг төгрөгөөр илэрхийлбэл гурваас дөрвөн их наяд төгрөг болж байна.
-2020 онд гэхэд Монгол Улсыг дэлхийд таниулах Үндэсний брэнд ямар үр дүнд хүрсэн байх бол?
-Бид 2018, 2019, 2020 он хүртэлх богино болон урт хугацааны стратегийн төлөвлөгөөгөө гаргасан. 2020 он гэхэд Дэлхийд Монгол Улсыг хэдийнээ зөв эерэгээр таниулсан, жилдээ нэг сая жуулчид болон хөрөнгө оруулагчид чөлөөтэй зорьдог, эдийн засаг нь сэргэсэн, иргэдийнхээ амьдралд нөлөөлөхүйц үр дүнд хүрсэн байна гэж төлөвлөж байна.