Манай нам дарангуйлагчийг тэвчдэггүй юм

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Манай нам дарангуйлагчийг тэвчдэггүй юм

Манай нам дарангуйлагчийг тэвчдэггүй юм

Урьд нь улс төрийн синдром хавар хөдөлдөг гэдэгсэн бол өнөөдөр бүтэн дөрвөн улирлын турш Монголын улстөрчид тамираа тасартал зодолдож байна. Улс төрд нүүрлэсэн хямрал улс орны том асуудал болчихоод байгаа энэ үед эрх ашиг, эрх мэдлийн төлөөх улс төрийн эх захгүй зодоон, намуудын шинэчлэл, задрал гээд анхаарал татсан асуудлаар Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй уулзаж ярилцлаа.


-Сайн байна уу, сайхан намаржиж байна уу?

-Сайхан намаржиж байна.

-Та одоо яг юу хийж байна?

-Фермер болох санаатай хөдөө амьдарч байна. Хажуугаар нь эрх чөлөө, ардчилал өөрийгөө устгахад хүргэдэг дотоод шалтгаан юу болох тухай ном бичиж байна.

-Өнгөрсөн дөрвөн жил хотын даргаар ажилласан хүний хувьд хотын өнөөгийн удирдлагууд ийм ажил хийгээсэй дээ гэж бодож байгаа яг ямар асуудал байна вэ?

Гэр хорооллын дахин төлөвлөлт, ‘Сайн хашаа’ хөтөлбөрийг үргэлжлүүлээсэй хэмээн дахин дахин хүсч байна. Монголын эдийн засгийг хямралаас гаргах макро эдийн засгийн менежментийн арга хэрэгсэл гэдгийг ойлгоосой.

-Та хотын даргаар ажиллаж байхдаа гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байсан. Одоо энэ төсөл юу болж байгаа вэ?

-Зогсчихоод байна.

-НИТХ гэж ажил хийдэг биш улс төр хийдэг газар болоод хувирчээ. Хурлаа хийхгүй, хийхээрээ завсарлага авсан л газар болоод хувирсан байна?

-Нийслэлийн Монгол Ардын намын дотоодын хагарал нь төрийн байгууллагын хямрал болж хувираад байна. Нам төвтэй төр тогтолцоо руу эргэж орсны гай гарч байна.

-Ер нь улстөрчдийн зодоон өнөөдөр улс орныг ч хямрааж байна. УИХ нь ч гүйдлээ олохгүй, НИТХ нь ч суудлаа олохгүй… ?

-Дахин хэлэхэд нам төвтэй төрийн тогтолцоонд эргэж орсны хор нийгмийг нөмрөөд байна.

-Урьд нь Ардчилсан намыг засаглаж чаддаггүй гэж байсан. Өнөөдөр Монгол Ардын нам ч засаглаж чадахгүй байна. Шалтгаан нь юу гэж та харж байна?

Нийслэлд Ардчилсан Нам засаглалыг жинхэнэ утгаар хэрэгжүүлж чадаж байсан юм шүү! Нийслэлчүүд хот эзэнтэй боллоо гэж баярлаж байсан.

-Жилийн өмнө Ардчилсан нам дотоод асуудлаа цэгцлэх том даалгавар авч байсан бол өнөөдөр МАН гэрийн хэрүүлээ эмхлэх хэрэгтэй болж. Намууд өөрчлөгдөхгүй бол улс орон хөгжихгүй нь?

Намуудыг өөрчлөх гэхээсээ илүү төр төвтэй тогтолцоогоо эргэж сэргээх хэрэгтэй. Нийгмийг эрх баригч намын “Улстөрийн товчоо” удирдах болсныг зогсоох хэрэгтэй. Нийгмийг Үндсэн хуулийн бус аргаар удирдах гэж оролдсон аливаа намыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Дээд Шүүх үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай болсон.

-Ардчилсан нам шинэчлэлт эхлүүлээд жил гаруй болж байна. Ингэхэд танай нам шинэчлэгдэж чадсан уу. Миний харж байгаагаар бол нэг фракциас нөгөө фракцад л эрх мэдэл нь шилжсэн юм шиг?

-С.Эрдэнэ дарга нам доторхи фракцлах үйл ажиллагааг зогсооно гэж намын нийт гишүүдэд амласан. ‘Шонхор’ фракцыг татан буулгах хэрэгтэй.

-Та Ардчилсан намын гишүүн. Харамсалтай нь, Ардчилсан нам ардчилсан үзэл баримтлалаасаа улам бүр алсарсаар байна гэсэн шүүмжлэлийг сүүлийн үед багагүй сонссон байх. Та энэ шүүмжлэлийг хүлээж авах уу?

-Үнэндээ үйл хэргийн нам байхгүй болсон. Намууд эрх мэдэл албан тушаал наймаалцдаг зах зээл болсон.

-Монголын улс төрийг хөндлөнгөөс харахад үзэл баримтлалаараа гэхээсээ улстөрчид нь эрх ашгаараа сүлбэлддэг болж. Нам гэхээс илүү бүлэглэлүүд л төрийн толгойд гарчихсан юм биш үү?

Нам гэдэг зах дээрх лангууны ард бүлэглэлүүд зогсож байхад наймаанаас өөр ямар яриа байх вэ?

-Та Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос нь хойш уулзсан уу. Сонгуулиар бол танай намынхан бүгдээрээ л түүнийг дэмжсэн. Ерөнхийлөгчийн зүгээс танд ямар нэгэн ажил санал болгоогүй юу?

-Нэг уулзсан. Фракцуудаас албан тушаалд олон хүн шахаад зовоож байхад би нэмж төвөг учруулаад юу хийх вэ? Би хойч үедээ зориулан ном бичиж байна.

-Монгол өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг болчихлоо шүү дээ?

Эрх баригчид Үндсэн хуулийн дагуу ажиллахгүй байна шүү дээ! Юун Ерөнхийлөгч, парламентын засаглалаа ялгахтай манатай. Намуудын “Улс төрийн Товчоо”-ны засаглал тогтсон шүү дээ!

-Та Монголд ардчиллын үрийг цацсан хүний нэг. Тиймээс танаас нэг асуух асуулт байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх ажлын хэсэг байгуулсан. Цаазаар авах ялыг сэргээх нь зөв үү?

Цаазаар авах ялыг сэргээх асуудлыг эрүүгийн эрх зүй, улс төрийн, гадаад харилцааны гэсэн гурван талаас нь иж бүрэн ярих хэрэгтэй.

Эрүүгийн эрх зүйн талаас нь яривал би гэр хорооллын Батсүхийн саналыг зөв гэж дэмжиж байгаа юм. Гэр хорооллын Батсүх юу гээд байгаа вэ гэхээр онц жигшүүртэй эрүүгийн гэмт хэрэгтнийг цаазаар авах нь хийсэн гэмт хэрэгтэй нь харьцуулахад хөнгөдөж байна. Осолдож амиа алдсан гэм зэмгүй хүнтэй цаазаар авахуулсан хүний хохирлыг адилтгаж байгаа нь хийсэн гэмт хэрэгт нь тэнцэх ял ноогдуулах ялын бодлоготой зөрчилдөж байна гээд зүй нь бүх насаар нь хийсэн гэм нүгэлтэй нь хамт ганцаарчлан хорьж залхаах нь зөв гэнэ билээ. Би Батсүхийн энэ үндэслэлийг дэмжиж байгаа.

Улс төрийн талаас нь яривал Туркийн Ерөнхийлөгч Эрдоган өөрийнхөө дарангуйллыг тогтоох ажлыг цаазаар авах ялыг сэргээхээс эхэлсэн. Монголын өмнөх түүхэнд бас ийм явдал тохиолдож байсан. Цаазаар авах ял байгаагүй бол 40 мянга орчим гэм зэмгүй монгол хүн амь насаа алдахгүй байсан.

Олон улсын харилцаа талаас нь харвал Европын Холбоотой гүнзгийрсэн харилцаа эрсдэлд орно. Олон тулгуурт гадаад харилцаа эрсдэлд орно.

-Та хамгийн сүүлд бичсэн нийтлэлдээ “Ерөнхийлөгчөө би танд ямар ч гэм хийгээгүй байхад зуудаг нохойгоороо борвиноос хазууллаа” гэж бичсэн байна. Яагаад, ямар шалтгаанаар тэгж бичсэн юм?

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуяг намайг Ардчилсан намаас минь хөөх шаардлага тавьсан. Би Н.Алтанхуягийг улс төрд ороогүй байхад 1990 оны хоёрдугаар сарын 18-нд 24 нөхдийн хамт Ардчилсан намыг байгуулж явсан юм. Тэгэхээр Н.Алтанхуяг Ардчилсан намаас намайг зайлуулбал миний сэтгэл санаанд ямар муухай хүнд тусах вэ гэдгийг мэдэж байгаа. Намайг Ерөнхий сайдаас нь огцруулсан хариуг тэгэж садист маягаар авахаар тооцож дээ.

-Ардчилсан нам задарна гэсэн яриа байна. Танай намын зарим нэг фракц шинэ нам байгуулахаар бэлтгэж эхэлсэн гэсэн. Та энэ талаар сонсов уу?

-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа хуралдсан Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр “Алтангадас” фракцынхан намын шинэчлэлийг одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга, намын дарга С.Эрдэнэ нарыг намаас хөөхөөс эхлэх ёстой гэсэн болзол тулгасан юм. Тэр нь тухайн хурлын олонхийн дэмжлэг авчих гээд байсан. Хэрэв Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг тухайн үед үнэхээр хөөсөн бол манай нам хагараад өдийд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихсан сууж байх байсан. Би “Алтангадас”-ын тэр хорон үйл ажиллагааг эсэргүүцэж зогсоосон юм шүү дээ. Түүгээр барахгүй намын дарга, Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг намын нийт гишүүдээсээ сунгаагаар шийддэг заалтыг дүрмэндээ зүтгүүлж оруулсан билээ. Ингэж л намаа хагарал задралаас зайлуулсан гавъяатай. Ардчилсан намд нэг хүний дарангуйлал тогтоох гэвэл манай нам задарна. Манай нам төрөхөөсөө дарангуйлагчийг тэвчдэггүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж