Хоригт дөнгөлөгдсөн улстөр

Хуучирсан мэдээ: 2017.11.05-нд нийтлэгдсэн

Хоригт дөнгөлөгдсөн улстөр

Хоригт дөнгөлөгдсөн улстөр

News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж, тоймлон хүргэж байна. 


Ерөнхийлөгч дахин хориг тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Өнгөрсөн долоо хоногт улстөрийн онцлох үйл явдал өрнүүн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавьж, 65-ын бүлэг доторх эв нэгдэлгүй байдлыг улам хурцатгасан. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж багагүй цаг хугацаа өнгөрч, МАН-ын 32, 33-ын бүлгийхний хагарал дээд цэгтээ хүрсэн шүү гэж нотлов уу гэлтэй. Хориг хэлэлцэх үеэр экс ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар чуулганы танхимд ёстой л “авалцсан”. Казиночин, намаасаа, улсын мөнгөнөөс чи иддэг, би иддэг гэж бие бие рүүгээ дайрсан нь МАН-ын хоёр бүлэг эвлэрхэд тун амаргүй байх нь гэж бодоход хүргэж байсан. УИХ-ын чуулганы болон өмнөх үйл явцыг харахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээж авах уу гэсэн хардлага олон нийтийн дунд байсан. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд Сангийн сайдаа авч үлдсэн.

Ерөнхийлөгчийн хоригийг удтал хэлэлцсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч дахин хориг тавив. Ингэхдээ 2017 оны Төсвийн тодотголд “Төрийн албан хаагчдын орлого нэмэгдүүлэх зорилгоор 192 мянган албан хаагчдад  нэг удаагийн 300 төгрөг олгоход 55,4 тэрбум төгрөг” олгох шийдвэр гаргасан. Харин Ерөнхийлөгч энэ хэсэгт хориг тавьснаар 2017 оны төсвийн тодотголд тусгасан хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг олон асуудал хэрэгжиж чадахгүй болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт 14 хоногийн дотор хариу өгөх ёстой, УИХ. Уг нь УИХ 2018 оныхоо төсвийг хэлэлцэн батлах хугацаа нь хаяанд тулсан, зарим гишүүд нь төсөвтэйгээ танилцаж чадахгүй батлах нь гэж байсан ч Ерөнхийлөгч дахин хориг тавьсанаар УИХ-ын хэвийн үйл ажиллагаа дахиад л саатах бололтой. МАН 2018 оны төсвөө арваннэгдүгээр сарын 15-ний дотор батлах ёстой. Харин энэ удаад төсвөө хугацаанд нь баталж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Ямартай ч ирэх өдрүүдийн улстөр, УИХ-ын хийх хамгийн чухал ажил бол 2018 оны төсөв.  Мөн Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хүлээж авах нь ч ирэх өдрүүдийн чухал сэдвүүдийг нэг болж байна. 

Гэрэгэ бондын санхүүжилт орж иржээ


Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд 800 сая ам.долларын бондыг амжилттай босгосон. Тэгвэл дээрх бондоос 400 сая ам.доллар нь арваннэгдүгээр сарын 2-ний өдөр Монголбанкны дансанд шилжиж орж иржээ. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилт болох 100 сая ам.доллар төв банкны дансанд шилжиж ирсэн талаар албаныхан хэлж буй.  Ингэснээр төв банкны валютын нөөц 2 тэрбум ам.долларыг давсан аж. Гэрэгэ бондын 400 сая ам.долларыг Чингис бонд эзэмшигчид худалдаж авсан. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сард төлөх Чингис бондын 500 сая ам.долларын 400 сая ам.доллар нь автоматаар төлөгдөж байна гэсэн үг юм. Харин ирэх зургадугаар сард төлөгдөх Димсан бондын 150 сая ам.долларыг улс өөрийн хөрөнгөөр төлөхөөр болж байгаа юм. 

Шинэ НИТХ-ын дарга хурлаа хуралдуулж чадахгүй байна

НИТХ-ын дарга С.Амарсайхан

УИХ-ын чуулганы танхимаас дутахгүй хуралддаг нэг байгууллага бол НИТХ. Өнгөрсөн долоо хоногт зарлагдсан НИТХ-ын хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байж. Гэвч АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл буюу ажлын зургаан хоногийн хугацаанд НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаар завсарлага авсан юм. Өмнө нь хэд хэдэн удаа зарлагдсан НИТХ-ын ээлжит хуралдаанаас МАН-ын бүлэг мөн завсарлага авч байсан юм. Нийслэлийн өвөлжилт, төсөв гээд олон чухал асуудал хэлэлцэх цаг үед улстөржилтөө багасгаж, НИТХ-ээ хуралдуулвал яасан юм бэ, С.Амарсайхан дарга аа. 

Д.Сумъяа Хөдөлмөрийн баатар болов

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг төрийн одон, тэмдгээр шагнасан билээ. Шагналыг гардуулах үеэр Д.Сумъяа нарын жүдочид Их дуулгын тэмцээнд оролцож байсан өнгөрсөн долоо хоногт шагналыг гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар жүдо бөхийн 2017 оны Дэлхийн аварга, Рио-2016 олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл, багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Мөн энэ жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, ОУХМ Г.Одбаяр Гавьяат тамирчин цол хүртсэнийг гардуулсан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж