Хөвсгөл аймгийн Мөрөн сумын анхны цэцэрлэг “Хөх сувд” цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад оржээ.
Тус цэцэрлэгийг өргөтгөснөөр гурван бүлэг шинээр нэмэгдэн 70 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж эхэлсэн байна
“Хөх сувд” цэцэрлэг 1953 онд гурван гэрт 25 хүүхэд, таван ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байжээ.
Эцэг, эхчүүдийн зүгээс 2016 онд шинэ цэцэрлэгтэй болох хүсэлт гаргаж, Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд уламжилснаар 465 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж чаджээ. Мөн 2017 оны орон нутгийн төсвөөс 300 сая төгрөгийг, 2018 оны орон нутгийн төсвөөс 141 гаруй сая төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэр гаргаснаар нийт 900 сая төгрөгийн өртөгтэйгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөл ашиглалтад орсон байна.
Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор гурван бүлэг нэмэгдэж, анги бүлгийн дүүргэлтийн тоо жигд болж, хамран сургах тойргийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 70 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрджээ.
Барилгын өргөтгөлийг “Хөвсгөл геологи” ХХК гурван сар гаруйн хугацаанд гүйцэтгэжээ.
Г.ХОРОЛ