Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн захирал Габриела Спирли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Цөөн хүн амтай, далайд гарцгүй гээд ижил төстэй зүйл ихтэй Швейцарын Холбооны Улстай Монгол Улс харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдгийг сайд Г.Занданшатар тэмдэглэв.
Тус улс 2017-2020 онд хамтын ажиллагааны тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэх болсонд талархал илэрхийлж, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд үр дүнгээ өгдөг гэдгийг тодотголоо.
Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүний хувьд парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Швейцарын Холбооны Улсын Ассамблейд Монгол Улстай харилцах бүлэг байгуулах боломжийг судлахыг санал болгосныг дурдав. Цаашид эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах шаардлагатайг онцолж хоёр улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2015 оноос хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг сайд Г.Занданшатар хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.