Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2017.11.04-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.


 

С.Эрдэнэболд: Монголыг хунтайжууд удирдах ёстой юу?

 

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн С.Эрдэнэболдтой уулзаж ярилцлаа.

-Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдаж, есөн суудалтай хоцорсон. Үүнийгээ намаа шинэчлэх том даалгавар авлаа гэж тайлбарлаж байсан. Намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж байсан залуусын нэг та. Таныхаар танай нам шинэчлэгдэж чадсан уу. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Чухал асуулт. Шинэчлэл богино хугацаагаар хэмжигдэх боломжгүй. Тэр тусмаа, нийгэм, улс төр, намын шинэчлэл болон сэтгэлгээний өөрчлөлт. Шинэчлэл өөрөө амьд биеийн организм шиг нийгмийн сэтгэлзүйн тодорхой үе шатуудыг туулдаг нь түүхээс харагддаг. Эхлээд яагаад шинэчлэгдэх болов? Ямар учир шалтгаанаар шинэчлэл зайлшгүй нөхцөлдөх болов гээд олон асуулт бий. Асуудалд цор ганц хариулт байдаггүй шиг, асуудал үүсэх нөхцөл ч олон урвалж үзэгдлийн нийлбэр болдог. Тиймээс шинэчлэлийн зүй тогтнолыг логик дэс дараалалтай авч үзэх ёстой. Жишээ нь, 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээсэн нь наанадаж дөрвөн шалтгаантай. Нэгт, дотоод зөрчил. Хоёрт, сонгуулийн хуулийн өөрчлөлт. Гуравт, эдийн засгийн бодлого, макро тэлэлт нь микро түвшиндээ хэр наалдаж чадав, түүнийг нь иргэд хангалттай ойлгож чадсан уу, хүмүүсийн амьдралд хүртээмжтэй байсан уу. Дөрөвт, сонгуулийн кампанит ажил, “Эрдэнэт”-ийн талаарх гэнэтийн байр суурь гэх мэт зүйлс дээр ялагдлын шалтгааныг тойрч ярьж болно.

Дэлгэрэнгүйг дараах https://news.mn/c/1?id=13472 линк рүү орж уншаарай.


 

Х.Нямбаатар: Хүчин хийвэл бүх насаар нь хорино

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзаж ярилцлаа.

-О.Баасанхүү гишүүн та хоёрын харилцаа сүүлийн үед тааламжгүй байх шиг. Байсхийгээд л чуулганы хуралдаан дээр бие бие рүүгээ үг шидэлж харагдах юм?

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хувийн харилцаанаас болоод таарч тохирохгүйд хүрсэн ч юм уу, эсвэл эд хөрөнгийн маргаан надад байхгүй. Нөхрийг би УИХ-ын чуулганы индрийг ашиглаад худал мэдээлэл тарааж, иргэд олон түмнийг төөрөгдүүлээд байгаад л шүүмжлэлтэй хандсан.

-Та хүчин хийсэн хүн мөнгө төлөөд ял шийтгэлгүй үлдэх нь гэсэн үгэнд нь эмзэглээд байгаа юм аа даа?

-Эмзэглэхээс илүү шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын гишүүн Их хурлын индэр дээрээс хэлсэн үг нь үнэн байх ёстой. О.Баасанхүү гишүүн Эрүүгийн хуульд хүчингийн хэргийн ялыг эрс бууруулсан, мөнгө төгрөгтэй хүн торгууль төлөөд ял шийтгэлгүй гарахаар байна гэж худал мэдээлэл өгөөд байна л даа.

                                    Дэлгэрэнгүйг дараах https://news.mn/c/1?id=13549 линкээр орж уншаарай.


 

Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй зээлээс татгалзана

 

Монгол Улсын 2018 оны төсвийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Ирэх оны төсвийн хуулийн төслөөр мэдээлэл өгөөч. Алдагдал буурч байгаа юу. Ямархуу төсөл өргөн барив?

-Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийг боловсруулахдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг, алдагдал 2,420.4 тэрбум төгрөг байхаар төсөөллөө. Төсвийн алдагдлыг 2017 оныхоос 1.5 хувиар бууруулсан. Хэд, хэдэн онцлогтой төсөл гэж хэлж болно.

Нэгдүгээрт, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал шүүмжлэл их дагуулдаг учраас сонгон шалгаруулалтаар олгодог болъё. Гүйлгээнээс нь татвараа гүйцэд авдаг байх ёстой гэж үзэн, холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан байгаа.

Хоёрт, гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болгоё, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулъя гээд шинээр 59 сургууль, 90 цэцэрлэг барихаар хөрөнгө оруулалтын зардлыг нь төсөвт суулгаж оруулж ирлээ.

Гуравт, инфляцын төвшинтэй нь уялдуулж ахмад настны тэтгэврийг нэмэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62 мянга гаруй иргэний тэтгэврийг нэмэхэд шаардагдах 17.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус, тус суулгасан.

Дэлгэрэнгүйг дараах https://news.mn/c/3?id=239710 линкээс орж унших боломжтой.


 

Ч.Хашчулуун: Малчид, наймаачдаас татвар авах ёстой

 

МУИС-ийн Эдийн засгийн танхимын профессор Ч.Хашчулуунтай уулзаж ярилцлаа.

-Эдийн засгийн профессор хүний хувьд Монголын эдийн засгийн бодит байдлын талаар улстөржилгүй ярилцмаар байна. Монголын хямрал тогтворжсон уу?

-Үгүй.

-Яагаад, эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарсан гэж Үндэсний статистикийн газраас мэдээлсэн шүү дээ?

-Хэдийгээр эхний хагас жилд эдийн засгийн өсөлт сайн гарсан ч гэлээ хямралын гол шалтгаан болсон төсвийн том алдагдал хэвээрээ байна. Дээрээс нь хуримтлагдсан асуудал их. Үүнийг эдийн засаг “Шок” гэж нэрлэдэг. Ажилгүйдэл ядуурал нэмэгдсэн, хүмүүсийн худалдан авах чадвар буурсан гэхчилэн Монголын эдийн засаг шокноосоо салаагүй байна л даа. Энэ нь Монголд бодлогын чанартай том өөрчлөлтүүд хийгдэхгүй байна гэсэн үг.

-Тэгвэл бодлогын чанартай ямар том өөрчлөлтийг хийх ёстой юм бэ?

Эдийн засгийн өсөлтийн өндөр болгож байж Монголын эдийн засаг шокноосоо гарна. Үүний тулд гадаад харилцаа, худалдаагаа идэвхжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, татварын бааз сууриа нэмэгдүүлэх, татварын реформ хийх гээд бодлогын чанартай том ажлуудыг хийх ёстой л доо. Татварын реформ гэдэг нь зөвхөн НӨАТ-ыг буцаан олгох асуудал биш. Эсвэл татварын өршөөл үзүүлэх, Ил тод байдлын тухай хуулийг хэлэхгүй. Татварын реформ гэдэг нь бүхэлдээ Монгол Улсад татвар яаж авч байгаа юм бэ гэсэн зарчмаа эргэж харахыг хэлж байгаа юм.

Дэлгэрэнгүйг дараах https://news.mn/c/3?id=239918 линкээр орж уншаарай.


 

С.Сарнай: Бид олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй

 

Загвар өмсөгч С.Сарнайг “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч гэдгээр нь сайн мэдэх биз. Тэрбээр саяхан өөрийн анхны соло уран бүтээл болох “Амин эрдэнэ” дууг олны хүртээл болгосон. Загвар өмсөгч бүсгүй багын дуулах мөрөөдөлтэй охин байсан бөгөөд дараагийн уран бүтээлдээ хэдийнэ орсон гэдгээ дуулгасан юм. Ингээд түүний хань, хөлбөмбөгч Э.Мөнх-Эрдэнэ болон С.Сарнайтай ярилцсанаа хүргэе.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан анхны соло уран бүтээл болох “Амин эрдэнэ” дуугаа үзэгчдийн хүртээл болгосон. Баяр хүргэе. Анхны уран бүтээлээ охиныхоо нэрээр нэрлэсэн гэв үү?

С.Сарнай: -Тийм. “Амин эрдэнэ” дууны аяыг хөгжмийн зохиолч, миний үеэл ах Г.Онон, үгийг нь кино найруулагч П.Дэлгэрбаяр ах маань зохиосон юм. Эхэндээ “Илд цэцэг” уран сайхны киноны дууны дуу маань нэргүй байлаа. Тэгээд бид дуундаа “Ямар нэр өгөх вэ” гэж их ярилцсан. Эмээгээсээ дууны нэр асуухад “Нэг л зохиолын дууны нэр шиг болоод байна” гээд болдоггүй. Тэгсэн миний санаанд хүмүүс хүүхдүүдээ хайрлан эрхлүүлэхдээ “Миний амин эрдэнэ” гэж энхрийлдэг шүү дээ. Миний охины нэрийг бас М.Амин-Эрдэнэ гэдэг. Тийм болохоор эх үрийн сайхан дуугаа ингэж нэрлэсэн.

Дэлгэрэнгүйг дараах линкээр https://news.mn/c/6?id=13547 орж унших боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж