Нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.11.04-нд нийтлэгдсэн

Нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Гамшиг, осолд нэрвэгдэгсдэд яаралтай түргэн тусламжийг хүргэх зорилгоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ард талбайд нисдэг тэрэгний зориулалтын зогсоолыг байгуулан өчигдөр үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Зам тээвэр, хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, А Жет авиэйшн ХХК зэрэг байгууллагын удирдлагууд нисдэг тэрэгний талбайн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Мөн  нисдэг тэргээр өвчтөн тээвэрлэн хүргэх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн аврагчид оролцлоо.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан: “ГССҮТ-ийн яаралтай тусламжийн үйлчилгээ нэг шат ахилаа. Шаардлагатай үед цаг хугацаа алдахгүй түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх эхлэл тавигдаж байна. Манай эмнэлэгт ирж буй үйлчлүүлэгчдийн 30 хувь нь хөдөө орон нутгаас ирж байгаа. ГССҮТ-ийн эмч нар хөдөө орон нутаг руу алслагдсан дуудлага руу байнга явдаг. 2016 онд 60 гаруй удаагийн дуудлагад явсан байна. Жишээлбэл, холын аймгаас ирж буй өвчтөн Гэмтлийн эмнэлэгт ирэхийн тулд тийз бичүүлэх, онгоцны буудлаас наашаагаа дахин тээврийн хэрэгслээр ирэх гэх мэт маш олон асуудал тулгардаг байсан. Харин одоо цаг хугацаа алдахгүй шууд манай эмнэлгийн гадаа ирэх боломж бүрдэж байна. Нисдэг тэрэг байнгын бэлэн байдалд байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж