Хятадаас оруулж ирдэг химийн бодисноос зөрчил хамгийн их илэрдэг

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Хятадаас оруулж ирдэг химийн бодисноос зөрчил хамгийн их илэрдэг

Хятадаас оруулж ирдэг химийн бодисноос зөрчил хамгийн их илэрдэг

Экспорт импортын хорио цээрийн хяналтын  газар /ЭИХЦХГ/, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ болон бусад холбогдох байгууллагын удирдлагууд өнөөдөр /2017.11.03/ химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагынхантай уулзалт хийлээ.

Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэх зөвшөөрлийг БОАЖЯ-аас  олгодог бөгөөд одоогоор тусгай зөвшөөрөл авсан 200 орчим аж ахуй нэгж байдаг аж.  Харин 2800 орчим төрлийн хорт болон аюултай  бодисонд тусгай зөвшөөрөл олгодог юм байна.

Уул уурхай, бусад салбарын үйлдвэрлэл хөгжиж байгаатай холбоотойгоор химийн бодисын нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэх болжээ. Хэдий хортой, аюултай бодис ч  хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг тул гол нь хадгалалт, тээвэрлэлт зэрэгт анхаарах шаардлагатайг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Химийн хорт болон аюултай бодисын  хадгалалт, тээвэрлэлтийн үед юуг анхаарах ёстой талаар Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг дараах мэдээллийг хийсэн юм.

У.ӨЛЗИЙЦЭЦЭГ: Аж ахуйн нэгжүүд стандарт мөрдөж ажиллах ёстой

“Монголд химийн бодис ашиглах аж ахуй нэгжүүд ямар төрлийн химийн бодис ашиглахаас хамаарч тусгай зөвшөөрөл авдаг. Тухайн бодисонд заавал эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх шаардлагатай. Хадгалах, ашиглалт, тээвэрлэлт, химийн бодисын агуулахад тавигдах стандарт шаардлага гэж бий.  Аж ахуйн нэгжүүд тэр стандартыг мөрдөж ажиллах ёстой. Хуулиа мөрдөөгүйгээс болоод өнгөрсөн есдүгээр сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан машин онхолдож, химийн бодис асгарсан осол гарсан. Уг ослын үеэр тээвэрлэгч компани шөнийн цагаар  химийн хорт бодис тээвэрлэсэн нь илэрсэн. Тухайн үед газар дээр нь хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн “Тээвэрлэлтийн журам зөрчигдөж, 5 тонн орчим давсны хүчил, 135 литр азотын хүчил асгарсан. Хорт бодисыг  саармагжуулж, хөрсөнд шингэсэн хорт бодистой шороо овоолгыг зөөж, өөр  талбайд устгал хийсэн” гэж тайлагнасан байдаг. Үүнийг бид давтаж болохгүй.

Хорт бодис нь онцгой аюултай ачаа,  аюултай ачаа гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Химийн хорт бодис онцгой аюултай ачааны төрөлд ордог. Тээвэрлэлт хийхээсээ  өмнө ажилчдаа заавал холбогдох байгууллагуудаас зарласан сургалтад хамруулж, тээвэрлэлтийг маршрут, нарийн журмын дагуу  хийх нь чухал.  Харин аюултай ачааг тухайн аж ахуй нэгжүүд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрсөн бол  тээвэрлэж болно. Тээвэрлэлтийн явцад осол аваар гарвал авах арга хэмжээнд бэлтгэж, ажиллах төлөвлөгөөтэй, саармагжуулах уусмал, дагалдах хэрэгслүүдтэйгээ авч явдаг байхыг анхааруулах нь чухал”.


Импортын бараанд тавьж буй хяналт, шалгалтын  талаар  Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Энхтайванаас тодрууллаа.

-Гаалиар орж ирж байгаа химийн хорт бодисонд ямар шаардлага тавьдаг вэ ?

-Химийн бодис оруулж ирж байгаа бол их, бага хортой гэдгээсээ үл хамаараад заавал тусгай зөвшөөрөл авсан байх ёстой. Зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, зориулалтын баглаа, боодолд савласан байх, хаяг шошго нь англи, монгол, орос хэлний аль нэг хэл дээр үйлдэгдсэн байх, шошгонд шаардлагатай мэдээллийг агуулсан байх, тээврийн хэрэгсэл болон сав, баглаа боодол дээр хор, аюулын анхааруулах тэмдгийг тавьсан байх зэрэг шаардлага тавигддаг.

-Хяналт, шалгалтын явцад ямар зөрчил ихээр илэрдэг вэ?

-Хилээр зөвхөн тусгай зөвшөөрөлтэй бодис нэвтрүүлнэ. Монголд зөвшөөрөгдсөн зургаан боомтоор химийн бодис нэвтрүүлдэг. Гэтэл зарим  хилийн боомтоор хууль бусаар буюу суудлын тээврийн хэрэгслээр химийн бодис тээвэрлэх зөрчил гардаг. Үүнийг тухай бүрт нь таслан зогсоож,  хууль хяналтын байгууллагуудад шилжүүлж, шалгуулдаг. Хятадаас оруулж ирж байгаа химийн бодисны тухайд олон зөрчил илэрдэг. Тээвэрлэлтийн шаардлага зөрчиж, суудлын авто машинаар тээвэрлэх, бусад бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэх зөрчил түгээмэл. Мөн чанарын баталгаажуулалтын баримт бичиггүй буюу экспортлогч улсын гэрчилгээгүй хаяг шошгын стандартын шаардлага хангаагүй зөрчил  хамгийн олон илэрч байна.

-Та бүхний зүгээс ажил хөнгөвчлөх үүднээс засч сайжруулаасай гэсэн зүйлс юу байдаг вэ?

-Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл олгох, олгохгүй барааны жагсаалтыг баталж, хууль эрхзүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байдаг. Химийн хорт болон аюултай бодисын тээвэрлэх зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгодог. Олгож байгаа зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх нь чухал санагддаг. Хил гаалиар бодис нэвтрүүлэх үед тусгай зөвшөөрлийг авч явдаггүйгээс болоод хил дээр гацах зэргээр ахуй нэгжүүдэд хүндрэл гарах тохиолдол байдаг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж