УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дараах байдлаар асуулт асууж, хариулт авав.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Ашигт малтмалын лиценз олгох зөвшөөрлийг цогц байдлаар шийдэж чадаагүй байна гэж дүгнэхээр байна. Одоо бол уул уурхай, лицензтэй холбоотой асуудал их яригдаж байгаа. Суурь зарчмаар нь зөв өөрчлөлт оруулахгүй бол болохгүй. Миний урд байгаа хуулийн төслийг уншихаар нөгөө л бахь байдгаараа харагдаж байна. Жишээ нь, бид өмнө нь Оюутолгойгоос юу ч авч чадахгүй, дээр нь өртэй хоцрох ийм хуулийг зөвшөөрсөн. Баялгийн тэгш, шударга хуваарилалттай холбоотой зарчим алдагдсан. 1997 онд батлагдсан хуулийн хар гайгаар гадны хүн орж ирээд, бүхэл бүтэн нэг аймгийн хэмжээтэй тэнцэх газар нутгийн лиценз авчихсан. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийг судлах, өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргах боломж байна уу гэдгийг асуумаар байна.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
-Ашигт малтмал ил тод биш, түрүүлж кноп дардаг асуудлыг зогсооё гэж байгаа юм. Далд бизнес уур уурхайг дагаж явдаг. Тиймээс лиценз эзэмших эрхээ шилжүүлсэн, хувьцаа эзэмшигчийг өөрчилж байгаа нөхцөлд татвар авдаг байхаар зохицуулж, оруулж ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох, ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглах үед хүлээн зөвшөөрөх, түүнээс бусад тохиолдолд сонгон шалгаруулалтаар явуулдаг байх гэх мэт заалтыг нэмж оруулж өгсөн.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
-Ирэх жилийн ирээдүйн амин чухал асуудлыг хэлэлцэж байгаа ийм үед Засгийн газрын гишүүд хариуцлагатай баймаар байна. УИХ-ын гишүүн санал гаргаад, зардал нэмсэн тохиолдолд үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зардлыг өөр хөрөнгө оруулалтаас хасна гэсэн заалт бий. Үүнийг татаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэрүүлийн алим болно. Төсвийг хамаагүй дээш, доош болгох асуудлыг Үндсэн хуульд тусгахаар ярьж байгаа.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
-УИХ-ын гишүүн санал гаргаад, зардал нэмсэн тохиолдолд үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зардлыг өөр хөрөнгө оруулалтаас хасна гэсэн заалтыг өмнөх Засгийн газар оруулж ирсэн. Өнгөрсөн нөхцөл байдлаыг хараад үзэхээр Засгийн газрын оруулж ирсэн төсөв УИХ дээр нэмэгдэж, өөрчлөгддөг. Гэтэл төсөөлсөн орлого нь орж ирэхгүй. Ингээд бодит байдал дээр зээл авах байдлаар санхүүжүүлдэг. Үүнээс болоод Монгол Улсын өр сүүлийн хэдэн жилд тасралтгүй өсч ирсэн. Тиймээс ОУВС-гийн хүрээнд нэг зардлыг нэмсэн тохиолдолд нөгөө зардлаа хасах санал оруулсан. Энэ нь Монгол Улсын өр нэмэгдэж байгааг зогсоох, төсвийн сахилга батыг сайжруулах гэх мэт давуу талтай. Сайтар ярилцаж байгаад шийдэх нь зүйтэй.
УИХ-ын чуулган үдээс өмнө хэлэлцэхээр төлөвлөсөн сүүлийн асуудлаа хэлэлцэж байна.
Т.НОМИН