"Тэдний хүслээр нийслэлийн ажлыг явуулахгүй"

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

"Тэдний хүслээр нийслэлийн ажлыг явуулахгүй"

"Тэдний хүслээр нийслэлийн ажлыг явуулахгүй"

Удаа дараа хойшилсон НИТХ-ын 12 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралд өглөөний байдлаар НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 36 нь оролцож байв. Хуралдааны эхэнд дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын тэргүүлэгчид есөн төлөөлөгчийг нэр дэвшүүлэх саналыг тавьсан бол Ардчилсан намын бүлэг энэ тухай хэлэлцэхээс өмнө нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дуусч, хуралдаан одоо үргэлжилж байна. 


Завсарлагааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс 2018 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, өнгөрсөн жилийн тайлан зэрэгт хийсэн дүгнэлт хийж, ‘Хангалтгүй’ гэж үнэлжээ. Та энэ дүгнэлттэй танилцсан уу?

-Засаг даргаас 2017 оны Эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн танилцуулгын бүрэн гүйцэтгэлийн дүгнэлтийг НИТХ-ын 12 дугаар хуралдаанд оруулж ирнэ. Одоо бол явцын гүйцэтгэлийг л дүгнэж, сонсож байгаа юм. Тухайн төсөл, хөтөлбөрийнхөө онцлогоос хамаарч 50, 60 хувьтай явж байгаа гэсэн явцыг танилцуулна. Үүнийг цаг хугацаа нь болохоор төсөвтэйгөө уялдуулаад дүгнэх юм. Одоо ийм дутуу үед нь дүгнэлт хийх ямар ч үндэслэл байхгүй.

-НИТХ-ын 12 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Олон удаа хойшилсон уг хуралдаанаар ямар ямар асуудал хэлэлцэх юм бол?

-Хурлын эхэнд дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Жил бүр НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ордог. Энэ асуудлуудаа шийдчихвэл төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдээ явуулах бүрэн боломжтой. Нийслэлийн төсөв хэлэлцэнэ, дараагаар нь хавар хүртэлх бэлтгэл ажлыг хангаж, ажлуудаа үргэлжлүүлэн явуулна. 2018 онд хийх ажлуудынхаа үндсэн чиглэлийг хэлэлцэнэ. Энэ алдаа, оноог засаж, батлаад авбал төсвөө батална. Мэдээж ирэх оныхоо төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Одоохондоо хоцорсон ажил байхгүй. Бид энэ цаг үед илүү хурдтай, өндөр зохион байгуулалттай ажиллах шаардлагатай байна. Өмнө нь хэлэлцээд, шийдвэрлэчихсэн байх ёстой олон асуудал хойшилж ирсэн. Бид аль болох цаг алдахгүйгээр ажлаа хийнэ.

-НИТХ дахь МАН-ын бүлэг дотоод хагаралтай байгаагаас хуралдаан удаа дараа хойшиллоо гэгдэж байгаа. Та бүхэн эв нэгдлээ олсон болов уу?

-НИТХ  дахь МАН-ын бүлгийн дотоод хагарал гээд байх зүйл байхгүй. Мэдээж үзэл бодлын зөрүүтэй байр суурь, ажил хэрэгтэй холбоотой зарчмын санал зөрөлдөх асуудал хаана ч байдаг. Тэр хүрээнд иргэдийн төлөөлөгчид байр суурь, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа асуудал бий. Би үүнийг хагарал гэж харахгүй байгаа. Бид асуудлаа ажил хэргийн журмаар хэлэлцээд явж байгаа. Энэ асуудал хэн нэгэн төлөөлөгчийн асуудал биш. НИТХ-ын 45 төлөөлөгчийн асуудал ч биш. Монгол Улсын нийслэлийн ирээдүйн хөгжил дэвшил, ажил, амьдралтай салшгүй холбоотой учраас хүссэн, хүсээгүй эвлэрч, асуудлаа шийдэх үүрэгтэй.

-НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан шийдвэрээр таныг даргаар сонгосон. Гэтэл таныг захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ үнэн үү?

-НИТХ-ын төлөөлөгч Д.Батсайхан хандсан юм билээ. Захиргааны хэргийн шүүхэд ийм зүйл явж л байдаг. Шүүхийн маргаан таслах журмаараа шийдэгдэх асуудал. Хэн, хэзээ, хаана өргөдөл гомдол гаргах нь тухайн хувь хүний асуудал. Тэрийг хуулийн хүрээнд шийдэх нь шүүхийн асуудал. НИТХ-ын тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогоогүй байгаа. Ажил явуулахгүй, асуудал шийдвэрлүүлэхгүй байх сонирхолтой ганц нэг төлөөлөгч бий. Гэхдээ тэдний хүслээр нийслэлийн ажлыг явуулахгүй. Хэрвээ хууль ярьж байгаа бол ажлаа хийх ёстой.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж