Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2017.11.03/ бүхэлд нь хориг тавьснаар Засгийн газар төсөв захиран зарцуулах эрхгүй болж, парламент дахиад хоригтой “ноцолдох” боллоо.
Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд зарим нэг засвар хийхдээ 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад тараахаар тусгасан нь ард иргэдээ алагчилсан шийдвэр болсон нь үнэн ч Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавих ноцтой шаардлага үүссэн үү гэвэл үгүй.
Гол маргаан төрийн албан хаагчдад олгох нөхөн олговор л байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Сангийн сайдын томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлэх үеэрээ дээрх 55.4 тэрбумд хэсэгчлэн хориг тавихыг урьдчилсан мэдэгдсэн. Гэтэл тав хоногийн дотор байр суурь өөрчлөгдөж, Ерөнхийлөгчийн хориг 2017 оны төсвийг бүхэлд нь хамрав.
Одоо энэ хоригоос болж хүүхдүүд 20 мянган төгрөгөө авч чадахгүйд хүрлээ.
Монголд өнөөдөр хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг олон өрх бий. Орлогогүй эцэг, эхийг буруутгаж болох ч хүүхдийн мөнгөөр улс төр хийх эрхийг сонгогчид Ерөнхийлөгчид олгодоггүй юм. Хоригоос болж, энэ сарын эхээр олгогдох байсан хүүхдийн мөнгө гацаанд орлоо. Найм, ес, аравдугаар сарын 20 мянган төгрөгөө авахаар хоног тоолж суусан хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ? Дахиад хүлээ, Ерөнхийлөгч хориг тавьчихлаа гэх үү.
Банкнаас зээл аваад сургууль, цэцэрлэг барьсан олон компани санхүүжилтээ авч чадахгүйд хүрлээ. Төрийн ажлаас нугалалцсан нь хувийн хэвшлийнхний хохь болох уу.
Он дуусахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэж байхад Сангийн яамны хувьд гурван их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдэх шаардлага тулаад буй. Энэ бүхний ард монголчуудын эрх ашиг л бий.
Г.ХОРОЛ