(Аян замын тэмдэглэл)
Үргэлжлэл
Хаа хэзээнээс уламжлалтай
Ханбаатар хайрхан гэж байдаг
Аль эртний түүх судартай
Алтан тээлийнхэн гэж байдаг
Хангай, говь, тал хээрийн бүс хосолсон Зэрэг сумын байгалийн үзэсгэлэнт газрууд нь зочин гийчдийн сэтгэлийг ихэд татах юм. Нэрийг нь сонсож, барааг нь харахаас сүрдмээр Мөнх цаст Баатархайрхан, Ногоон нуурын хүрхрээ, Хуст, Дарьтын хүн чулуу, Суварга, Цэлгэрийн гатлага, Дөрөө хавчдаг хад, Долоон чонын битүү, Буур хад, Эргийн хавцал, Хөшөө хад, Хөдөө нуур, Ногоон нуур, Элсэн бөөрөг, Буйлааст, Мичид овоо, Авдрын битүү, Байшинт гээд байгалиасаа зурж сийлсэн үзмэр шиг үзэсгэлэнтэй сайхан хад, асга, чулуу олон байх юм.
Тэр сүрлэг хайрхнуудын хад бүхнээс сонин содон мэдрэмж төрөх болно. Тэдэн дундаас сайн ажвал баатар эр хуяг дуулгаа агссан юм шиг ширүүн төрхтэй хүний дүрс, энийг чинь зурсан юм бишүү гэмээр бүсгүй хүн инээж буй мэт элгэн хад, энэ бол гарцаагүй анчин эр, тэр бол мөргөлдөж буй бух шиг харагдана гэх чулуун дүрс бүхий байгалийн зураглал бишгүйг харан сэтгэлийн таашаал авах болно.
Захчин хүмүүс ер нь л цэцэн цэлмэг үгтэй, яруу найрагч гэмээр холбоо хоршсон хэллэг хэрэглэн ярих нь цаанаа л нэг хоржоонтой. Ойрадын Захчин сэцэн гүний хошууны Бямбаан Банди гуай гэж уран бүтээлийн арван их ундаргатай нэгэн байжээ. Түүний яруу тунгалаг дөрвөн мөртийг одоо ч нутгийн олон ихэд онцлох юм.
Дөрвөн Ойрадын түүхийг уншаад уншаад барамгүй даан ч арвин
Дөрвөн Ойрадын туульсыг хайлаад хайлаад барамгүй даан ч гайхмаар
Дөрвөн ойрдын хүлэг уралдаад уралдаад цуцаагүй даан ч шандастай
Дөрвөн Ойрадын дууг дуулан дуулан суумаар даан ч уянгалаг
Дөрвөн Ойрадын ахан дүүстэй найрлан найрлан жаргамаар даан ч сайхан
гэсэн нь үүх түүхээ, цэцэн билгийн тууль магтаалаа, хүлэг хурдан морьдоо, ая дуугаа, ахуй амьдралаа магтан биширч, үе дамжин уламжилж ирсэн сайхан ёс жаягаа өнөө хүртэл мартаагүй байгааг биширлээ.
Сумын зүүн талд “Орхын булаг” хэмээх элсэн дундаас оргилон гардаг, дүн өвлийн тэсгим хүйтэнд ч хөлдөдгүй, харзалдаг булаг байна. Нутгийн олон энэ булагаа ихэд хайрлан дээдлэх юм билээ. Зэрэг суманд ирсэн зочид бүхэнд үзүүлдэг нэгэн ёсны байгалийн жижиг “музей” гэлтэй.
Газар дэлхийн ариун мэлмий
Гайхамшигт энэ рашаанд
Лусын эзэд, хүчэрхэг савдгууд
Сэтгэлдээ залбиран ширтэн суудаг
Сэтгэл оюундаа тунгаан санаж
Сүслэн биширч, хүртэж байгтун гэж дээдэлдэг болой …
энэхүү бичээсийг уншаад “Усыг нь уувал Ёсыг нь дага” гэсэн сургаал үг санаанд бууж, “Алтан тээл” зочид буудлын эзэн, хөтөч Ч.Одсайхан залуугийн нутаг усныхаа тухай, өвгөд дээдсээс өвлөж ирсэн уламжлал, зан үйлийн талаар олон шинэ зүйл хуучилсныг анхааралтай сонсов.
Энэ булгийн дэргэд очоод дуулахад усны ундарга нь улам дээшээ оргилдог хэмээн хэлсэн. Гэхдээ ирсэн бүхэнд тийм ховорхон ‘араншин’-гаа тэр бүр үзүүлдэггүй нь бас нэг гайхамшиг гэлтэй. Энэ удаад зөвхөн “Орхын булаг”-ын тухай товчхон онцлов.
Дөрвөн өндөр хайрхны дундах “Алтан тээлийн хөндий” хэмээн эрт дээр үеэс нэршсэн энэ аглаг сайхан талын дунд нь Зэрэг сумын төв оршдог. Баатархайрхан уулыг давж ирсэн хүчтэй салхи, сумын төвийнхнийг төдийгүй, хөдөөгийн малчдыг сандаргах нь байгалийн бэрхшээлдээ дасан зохицсон захчин (жахачин) түмэн хэзээ хэзээнээс хатуужил тэвчээрийг яс махандаа шингээсэн эршүүд эрэмгий зантай юм. Тэр мөчид ийм мөрүүд санаанд буув:
Баатархайрханы нуруу давсан шуурга шидрүүн
Бартаат хад асгаснаас бусдыг дийлсэн салхи хүчтэй
Зэрэглээт хөндийн жавар жихүүн
Зэрэгийн ард дэндүү хатуужилтай …
Тус сумынхан салхинаас хамгаалж байшингаа хавтгай нуруутай, айл бүхэн хашаандаа чулуун гэр барьдаг уламжлал тогтжээ. Сумын төвийн урдхан талд мөн хүчтэй салхинаас хамгаалж ихээхэн мод суулгажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр ‘Бүх нийтээр мод тарих өдөр’ сумын албан хаагчид манлайлан улиас, бургас шинээр тарьж, мөн ахмадын холбооны санаачлагаар 300 гаруй мод суулган ургуулжээ.
Бяцхан энэ төгөлдөө багагүй чацарганы мод суулгаж, сүүлийн жилүүдэд “ургац”-аа хураан авч, улмаар цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн үдийн цайнд нэмэрлэж байгаа “туршалага”-ыг хаа саагүй л хэрэгжүүлж болмоор санагдлаа. Бүтээлч түмний санаачлага багададгүй юм билээ. Зэрэгийн ард олноос сурах зүйл их бий шүү.
Үргэлжлэл бий.
Г.Сумъяа