Л.Энх-Амгалан: Том төслийг цөөн хүн гацаадаг

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Том төслийг цөөн хүн гацаадаг

Л.Энх-Амгалан: Том төслийг цөөн хүн гацаадаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Ирэх оны төсөвт байгалийн баялгийн үнэ ханш өснө гэж тооцоолжээ. Тухайлбал, УИХ-ын зэс 6430, угаасан нүүрс 100 ам.доллар, угаагүй нүүрс 60 доллар, төмрийн хүдэр 50-64 ам.доллар байна гэж тооцож, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Гишүүдийн 82,1 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэж үзлээ. 

Хуралдааны үед гишүүд ийн байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Төсөвтэй холбоотой асуудлаа ноцтой ярих ёстой. Эдийн засгийн өсөлт 4,2 хувь гэдэг бол чамлалттай. Бид ядуураад байна. Ядуурлын үзүүлэлт үндсэндээ 29 хувь болчхоод байгаа. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь 142 мянган төгрөгийн орлоготой байна. Ажилгүйдэл ерөөсөө буурсангүй. Эдийн засгийн нэг хувийн өсөлтийн цаана 10 мянган ажлын байр нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо бий. Гэтэл манайх ерөөсөө хөгжихгүй байна, чөтгөрийн тойрогт орчихсон. Төмөр замын төсөл, цахилгаан станцын төсөл дандаа гацсан. Энэ төслүүд цөөхөн улсуудаас болж гацаж байгаа. 2020 онд 4,5 хувийн өсөлттэй байна гэдгийг бид яаж мэдэж байгаа юм.  Жил бүр өрийн хэмжээ нэмэгдсээр 24, 25, 26 их наяд төгрөг болчихдог. 2020 онд 20 гаруй их наяд төгрөгийн өртэй улс орныг хүлээлгэж өгөх юм уу?

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл гэдэг бол хууль юм шүү гэдгийг ойлгож, хүндэтгэлтэй хандмаар байна. Төсвийн алдагдал, өрийн хэмжээ ийм хэмжээнд барина шүү гэж гаргаж өгөөд байхад тоогоо өөрчлөөд яваад байдаг. С.Баярцогт сайд байхдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталж, өндөр босго тавьж байсан. Гэтэл 2012-2016 онд засаг барьж байсан нөхдүүд цэцийн дүгнэлт гаргуулаад, хуулийн босгыг дордуулчихсан. 

УИХ-ЫН ГИШҮҮН ТЭРБИШДАГВА:

-Бид 2020, 2021 он хүртэл зөв бодлого явуулах юм бол Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрчимтэй нэмэгдэнэ. Цаашид орон нутгийн эрх мэдлийг нэмэхгүй бол орон нутгийн удирдлагууд босоо удирдлагатай болчихсон байгааг анхаараарай.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Оюутолгойгоос огт ашиг авдаггүй, тэр уурхайн мөнгөн гүйлгээ манай улсын арилжааны банкаар огт дамждаггүй. Хамгийн том алтны компаниуд төлбөр, татвараа өгөөгүй явж байдаг. Гэтэл баялаг бүтээж байгаа ажил олгогчид ногдох татвараа төлөөд, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ үгээр уул уурхайг ад үзэж байгаа юм биш. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж