Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын шүүх хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өөрөө хөнөөж, цагдаагийн газарт очиж хэргээ хүлээсэн 83 настай эмгэнд шүүх өршөөл үзүүлж, гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Тэрээр 46 жилийн турш асарч, тойглосон хүүгээ хөнөөсөн шалтгаанаа “Би хүүгээ хэзээ ч орхихгүй байх байсан. Үр минь шүү дээ. Хоёр жилийн өмнөөс миний бие улам дордож, хүүгээ асарч чадахаа больсон. Намайг өнгөрсний дараа хүүг минь хэн ч харж, хандахгүй ” хэмээн тайлбарлажээ.
Гуандун хотын шүүхийн шүүгч Ван Юнь фэн “Хэдийгээр тэр хүний амь хөнөөж, хууль зөрчсөн боловч шүүх түүний нөхцөл байдлыг харгалзаж үзээд өршөөл үзүүлж байна” гэжээ.
Шүүх хурал дээр эмгэн хүүгийнхээ хоолонд 60 ширхэг нойрны эм хийж амийг нь бүрэлгэснээ хүлээн зөвшөөрчээ. Эмгэний хүү Ли төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрсний улмаас ярьж, явж чаддаггүй нэгэн байжээ. Түүнээс гадна Лигийн биеийн байдал сүүлийн хэдэн жилийн хугацаанд улам дордсон гэнэ.
Хүүгээсээ өмнө үхэх нь гэдэг бодол эмгэнийг шаналгаж байсан бөгөөд дээрх хэргийг үйлдэхээс долоо хоногийн өмнө эмгэнд хүүгээ хөнөөх тухай бодол төрж, сонголт хийхээс аргагүйд хүрчээ. Эмгэн хүүдээ нойрсуулах эм өгөхийн өмнө зурвас бичиж, энэ бүхэн зөвхөн түүний санаа бөгөөд бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ гэжээ.
Шүүгч түүнээс хүүгээ хөнөөхийн оронд яагаад ахынх нь асрамжид үлдээж болоогүй вэ гэж асуухад эмгэн “Өвчтэй хүүхэд төрүүлж, насан туршид нь зовоосон болохоор энэ бүгд миний буруу. Би хүүдээ түвэг удахыг хүсэхгүй” гэжээ. Ууган хүүгийн мэдүүлснээр ээж нь дүүг нь төрсөн цагаас хойш асарч, халамжилсан бөгөөд арван настай байхад нь ажлаасаа гарч, хүүгээ харсан гэнэ.
Н.Энхтуяа