Гишүүд 45 хоног “нухдаг” төсвийг илээд өнгөрөх үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

ТӨСӨВ - 2018

Гишүүд 45 хоног “нухдаг” төсвийг илээд өнгөрөх үү?

Гишүүд 45 хоног “нухдаг” төсвийг илээд өнгөрөх үү?

УИХ-ын чуулганаар 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Гэхдээ МАН-ынхан хоёр талцаж, бужигнасаар 2018 оны төсвийг 10 хүрэхгүй хоногийн дотор хэлэлцэж батлах нь. Төсвийн хуулиар тухайн жилийн төсвийг аравдугаар сарын 1-ний өдөр өргөн барьж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Өөрөөр хэлбэл, 45 хоног хэлэлцэж, “нухдаг” төсвийг энэ удаад 10 хүрэхгүй хоногийн дотор хэлэлцэж, гишүүд ч төсөвтэй бүрэн танилцаж амжихгүй байсаар батлагдахаар байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн Баасан гаригт 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан. 2018 оны нэгдсэн төсвийн орлого 7,2 тэрбум, зарлага 9,6 тэрбум байхаар тооцжээ. Мөн нэгдсэн төсвийн алдагдал 2,4 тэрбум төгрөг.

32-ын бүлэг дэх гишүүдийн төсвийг танасан уу?

Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд хамгийн идэвхтэй байдаг гэхэд болно. Өөр өөрсдийн тойрогтоо илүү мөнгө хуваарилах гэсэн оролдлогоо тэд ил, далд хэлбэрээр илэрхийлдэг. Энэ жил 32-ын бүлгийн гишүүдийн тойргийн төсөв болон сайд нарынх нь төсвийг танасан нь Сангийн сайдын хоригийг хүлээж авах эсэхэд нөлөөлж мэдэхээр байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг МАН-ын гишүүдийг хоёр талцуулснаас 2018 оны төсөв хэлэлцэх хугацаа хойшилж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар суудалдаа үлдэх эсэх нь эргэлзээ төрүүлж эхэлсэн ч 65-ын бүлэг өчигдөр Сангийн сайдаа авч үлдлээ. Гэвч 2018 оны төсөв хэлэлцэх үеэр 32-ын бүлэг өөрсдийн тойрогтоо ‘бялуу’ хуваах шантааж хийх нь гарцаагүй. Харин үүнд Засгийн газар, Сангийн сайд ямар хариу өгөх нь ирэх өдрүүдэд харагдах биз ээ. 

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт” хамрагдах гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо том мөнгө хуваарилах эрхийг нь хязгаарлах ёстой. Төсвийн алдагдал хамгийн өндөр гардаг шалтгаан бол сайд, гишүүд өөрсдийн яам, тойрогтоо өндөр мөнгө авах гэсэн санаархлаас үүдэлтэй учраас энэ байдлаа зас гэсэн том сануулгыг ОУВС өгсөн. Тиймээс ирэх оны төсвийн зарлагыг танасан гэж буй боловч 9,6 тэрбум төгрөгөөр тооцсон өнгөрсөн жилийн зарлагаас буураагүй үзүүлэлттэй байгаа юм.

2017 оны Төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаагийн бэлэн мөнгө тараахаар 55,4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ ОУВС-тай хийх тохиролцоо эцэслэгдээгүй гэдгийг эрх баригчид хэлж буй. 

2018 оны зарлагыг задалж үзвэл, цалин хөлс 24,1 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 19,5 хувь, зээлийн хүүгийн зардал 15.4 хувь,татаас ба урсгал шилжүүлгийн зардал 40,9 хувь байна. Ирэх онд төлөх зээлийн хүү төсөвт багагүй хүндрэл учруулж байгаа нь өмнөх жилүүдэд авсан Засгийн газар болон улсын зээлийн төлбөрт төлөх хүү юм.

2018 онд ч бэлэн мөнгө тараана

2017 оны төсвийн тодотголд тусгасан гэнэтийн “үзэгдэл” бол 55,4 тэрбум бэлнээр тараах тухай. 2018 онд ч энэ мөнгийг үргэлжлүүлнэ гэгдэж буй. Ингэхдээ 56.2 тэрбум төгрөгийг төсөлд тусгасан. Мөн л 300 орчим мянган төгрөг бэлнээр тарааж магадгүй гэсэн үг.

Ирэх онд хүүхдийн мөнгө 164.2 тэрбум төгрөг, өрх толгойлсэн эцэг, эх, бага насны хүүхэдтэй ээжүүдэд тараах мөнгө 72.8 тэрбум, эмзэг ядуу иргэдэд халамж болгон хүртээх мөнгө 55.5 тэрбум төгрөг байхаар төсөвт тусгажээ. Өөрөө хэлбэл, халамжийн бодлого үргэлжилнэ гэсэн үг. Төсвийн зарлага өмнөх жилийнхээс буураагүйн нэг шалтгаан нь энэ.

2017 оны төсөвт УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулахаар тус бүр тэрбум орчим төгрөг төсөвт суулгасан байсныг шинээр томилогдсон Сангийн сайд танасан нь танхимынхаа гишүүдийн бухимдлыг хүргэж байсан. Нэгэнт төсөвлөсөн байсан мөнгөө авч чадаагүй гишүүд ирэх оны төсөвт өөрсдийн тойргийн “шахааг” оруулахыг хичээх болно. Гэвч шинэ Засгийн газар, Сангийн сайд нар хэлсэн шигээ төсвийн зарлагаа танаж, нөхөж чадвал ирэх жилүүдийн төсөв алдагдал багатай болж, эдийн засагт ч эерэг өөрчлөлтүүд гарах байх гэсэн итгэл эдийн засагчид төдийгүй, олон нийтийн дунд байна. 

Ямартай ч 65-ын олонхийн бүлгийн тэргүүлсэн Засгийн газар, УИХ 45 хоногт хэлэлцдэг төсвийг 10 хоногийн дотор хэлэлцэж, батлахаар зүтгэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүд, сайд нар төсөв дээрээ ‘нухацтай’ сууж, чамбай баталж чадах эсэх нь эргэлзээтэй байна шүү, эрх баригчдаа. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж