УИХ-ын чуулганы хуралдаанаар Дэгийн тухай хуулийн 37.4 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдсөн эсэх асуудлыг хэлэлцэж, дэвжив. Цаашид Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх эрхийг санал оруулах болгож өөрчлөх ажлыг дааж авав.
Хуралдааны үеэр гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж, хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:
-Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан нь дээр. Учир нь УИХ-ын сонгуулиар олонх болсон нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл Дэгийн тухай хуулийн 37.4-т ‘Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч долоо хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ’ гэж заасан байна. Ийм заалтыг хэн оруулж ирсэн юм бэ?
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.РАДНААСЭД:
-Өмнө нь 2007 онд өөрчлөлт оруулсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Энэ Дэгийн тухай хууль чинь өмнө нь тогтоол байсан юм. Хууль болгохдоо 37.4 дүгээр заалтыг хараагүй өнгөрчээ. Намайг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болооч гэдэг. Би өөрийнхөө баталсан хуулийг шүүгээд сууж байх нь утгагүй.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
-Би Д.Лүндээжанцан гишүүнээс асуумаар байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэзээ хийх вэ? Ардын нам 32, 33 болж хуваагдаад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт замхрах шинжтэй боллоо. Ирэх сонгуулиар бие даагч гишүүн олноор гараад ирвэл яах вэ? Тухайн үед Ерөнхий сайдыг томилох гэх мэт асуудал ойлгомжгүй болно. Энэ мэтийг цэгцлэх хэрэгтэй. Бид хууль баталж байна гэчихээд дандаа тогтолцоо баталдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Энэ жил Үндсэн хуулиар амьсгалж байна. Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад 320 мянган санал ирсэн. Тэр саналыг архив болгохын тулд манай ажилчид цаг наргүй ажиллаж байгаа.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхлээд байна.
Т.НОМИН