Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төвийн ойролцоо Исламын улс бүлэглэлийн нэрийн өмнөөс халдлага үйлдэж, найман хүнийг хөнөөж, арав гаруй хүнийг гэмтээсэн Саифулло Хабибуллаевич Сайпов анх Брууклины гүүрэн дээр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж мэдүүлсэн гэнэ.
Халдлагын үеэр цагдаад буудуулж, яаралтай мэс засалд орсон Сайпов хэвтэж байсан эмнэлгийнхээ өрөөнд ИУ бүлэглэлийн тугийг авчрахыг хүссэн тухай гэмт этгээдийн хавтаст хэрэгт бичигдсэн байна.
Узбек гаралтай 29 настай Сайпов Нью Йорк хотын Манхэттен дүүрэгт машинаар сургуулийн автобус мөргөсний дараа машинаас үсэрч, хүмүүс рүү буу шагайх мөчид цагдаагийн офицер Райан Нэш түүнийг хэвлийн тус газарт нь буудаж, зогсоосон ажээ. Удалгүй цагдаагийн ажилтнууд очиж, түүнийг баривчилсан байна. Шүүх хуралд тэргэнцэртэй очсон Сайпов олон зүйл нуршаагүй аж. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ Сайпов ‘Есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн халдлага шиг томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж, Хеллоуины баярын өдрийг зориуд сонгосон’ гэжээ.
Сайповын гар утаснаас ИУ бүлэглэлийн суртал ухуулгын 90 гаруй видео бичлэг, 3800 орчим зураг илрүүлсэн байна.
Н.Энхтуяа