Каталоны найман сайдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Каталоны найман сайдыг баривчилжээ

Каталоны найман сайдыг баривчилжээ

Испанийн шүүхийн шийдвэрээр Каталоны Засгийн газрын найман сайдыг баривчилж, хорьсныг эсэргүүцсэн жагсаалд хэдэн мянган хүн оролцож байна.

Шүүх Каталоны Засгийн газрыг ард иргэдийг турхирч, үймээн самуун өдөөсөн, төсвийн мөнгийг зүй бусаар ашигласан гэж буруутгажээ.

Испанийн прокурорууд одоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Бельги рүү гарсан Каталоны засгийн газрын тэргүүн Карлес Пуждемонтыг баривчлах зөвшөөрөл гаргуулахаар Европын холбоотой хэлэлцээ хийж байгаа гэнэ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, шүүх хуралд очоогүй Каталоны бусад дөрвөн сайдыг мөн баривчлахаар төлөвлөжээ.  

Өнгөрсөн долоо хоногт Испанийн ерөнхий сайд Мариано Рахой Каталоны өөртөө засах эрхийг хүчингүй болгож, мужийн парламентыг тараан, Засгийн газрыг нь огцруулсан юм. Энэ бол Испанийн хамгийн баян муж болох Каталоны парламент тусгаар тогтнолоо зарлахаар санал хураасны хариуд Мадридаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байв.

Каталончууд аравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт явуулахад 90 гаруй хувийн саналаа тусгаар тогтнолыг дэмжсэн билээ. 

Өчигдөр (2017.11.02) Барселон хот дахь мужийн парламентын ордны гадна улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардан, уриа лоозон барьсан хэдэн мянган хүн цуглаж, жагссан байна.

Каталоны бусад хотуудад ч мөн  эсэргүүцлийн жагсаал, цуглаанууд болсон. Испанийн шүүх Каталоны засгийн газрын тэргүүн болон 14 сайдыг ард иргэдийг турхирч, үймээн самуун өдөөсөн, төсвийн мөнгийг зүй бусаар ашигласан хэмээн буруутгаж, шүүхэд дуудсан боловч тэднээс найм нь шүүх хуралд очжээ.

Шүүх хуралд очсон экс сайд нарыг баривчлан хорьсон шалтгаанаа Испанийн шүүх баримт нотолгоог устгаж, улс орныг орхин гарч болзошгүй гэдэг үүднээс баривчлан саатуулсан гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж