УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2017.11.02/ Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцээд, гишүүдийн 84 хувь нь “Хоригийг хүлээн авах боломжгүй” хэмээн үзлээ. Дээрх шийдвэрийг УИХ гаргаснаар Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын томилгоо хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна.
Монголын улс төрийн түүхэнд Ерөнхийлөгчийн хориг нь Засгийн газрын гишүүний томилгоотой холбогдож тавигдсан анхны тохиолдол энэ. Гэвч хориг хууль эрх зүйн хүрээнд үндэслэлтэй тавигдаж чадсан уу гэдэг маргаантай байлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын танилцуулснаар Ерөнхийлөгч дараах үндэслэлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хориг тавьжээ.
ХОРИГ ТАВЬСАН ТАЙЛБАР
‘УИХ 2010 оны зургадугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоол гаргаж, “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөр нь хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах үндсэн зорилготой байсан юм.
Харамсалтай нь, тус хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хойш долоон жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Агаарын бохирдлоос улбаалсан хүн амын өвчлөл, эрүүл мэндийн асуудал өнөөдөр ч бидний санааг зовоосоор, шийдлээ хүлээсээр байна. Миний бие 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас ‘УИХ-аас долоон жилийн өмнө баталсан боловч хэрэгжүүлээгүй ажлыг хийх шаардлагатай байна’ гэсэн зөвлөмжийг гаргаж байна. Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хэсэгчлэн хориг тавьж байна” хэмээжээ.
Хоригт тавьсан үндэслэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригт үндэслэл багатай гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “З.Энхболд дарга худлаа ярьдаг. Гэхдээ Ч.Хүрэлбаатар сайдын ах нар нь лицензийн наймаа хийсэн гэдэг нь үнэн, баримтууд нь байна” гэж хэлсэн нь маргаан дагуулсан юм.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай ах дүү нар амбаар ч худалдаж аваагүй. Амгаланбаатар гэдэг хүн манай ах нараас зээл авахдаа Хотгор шанагын ашиглах боломжгүй газрыг барьцаалсан байдаг. Ийм л зүйл болж өнгөрсөн юм билээ.
Би төсвийн мөнгөөр нэг ч тендерт оролцоогүй, нэг ширхэг ч лиценз эзэмшээгүй. Хориг тавьсан энэ хугацаанд намайг хэтэрхий гүжирдлээ, доромжиллоо” гэсэн юм.
Санал хураахад УИХ –ын гишүүдийн олонх нь хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргаж, хэд хоногийн турш маргаан дагуулсан асуудалд цэг тавигдаж, УИХ 2018 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх боломж нээгдсэн юм.
Учир нь Сангийн сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьсан байсан нь төсвийн хуулийг хэлэлцэх боломжгүй болгоод байсан билээ.
Г.ХОРОЛ