Тэнгэрт тэмүүлсэн 17 од

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Тэнгэрт тэмүүлсэн 17 од

Тэнгэрт тэмүүлсэн 17 од

Оргил өөд огшсон 17 бахархал минь

Тэнгэрт тэмүүлсэн 17 од минь 

Энэ үгийг хүсэл сонирхол, мэргэжил нэгт нөхөд нь Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхныг зорин, буцах замдаа амь эрсэдсэн 17 уулчнаа дурсан, зориулжээ. Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж маргааш /2017.11.04/ мянган зул өргөж,  буян хураахаар уулчид бэлтгэж байна. Сүхбаатарын талбайд 17.00 цагт болох буяны арга хэмжээнд уншигч та ч бас оролцож болох юм.

2017 оны аравдугаар сарын 21. Энэ өдөр сонирхол, мэргэжлээрээ нэгдсэн 27 тамирчин Отгонтэнгэр хайрхны ноён оргилд гарч, өөр өөрсдийн байгууллага, клубийнхээ туг далбааг өндөр оргилын өндөрт мандуулж байжээ. Гэвч хэдхэн цагийн дараа эрэлхэг тамирчдад хэзээ ч нөхөж баршгүй хүнд гарз тохионо чинээ хэн хэн нь төсөөлөөгүй. Хайрхнаас уруудан бууж явахдаа хамт явсан нөхдөө нүдэн дээрээ алдсан 10 уулчин “Бидний хамтдаа авхуулсан хамгийн сүүлчийн зураг болно гэж санасангүй явлаа. Та нар минь бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно” хэмээн тэнгэрт одсон 17 нөхдөө дурсан бичсэн нийтлэл, сэтгэгдлүүдийг үлдээжээ. Амь эрсэдсэн 17 уулчны дунд хэзээ ч, хэнээр ч орлуулшгүй сайн хань, сайн аав, ээж, сайн хүүхэд, сайн найзууд нь байсныг бид мартах учиргүй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон хөнгөн атлетикийн тамирчин Х.Равдандоржоос эхлээд үргэлж өөдөө тэмүүлж байдаг 17 уулчны  хүсэл хайрхнаас өндөрт халин оджээ. Амь эрсэдсэн уулчдын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлэн 17 уулчныг дурсан саная.
 

  • Уулчид дундаа ‘Төмөр хүн’ гэж хочилдог Х.Равдандорж. “Билгүүн засаг” компанийн шууданч. Шуудангийн салбарынхаа шилдэг ажилтан тэрээр Монголын хөнгөн атлетик, уулын спортын шилдэг тамирчдын нэг байсныг өнөөдөр нөхөд нь дурсаж байна. Өнгөрсөн наймдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Өөрийгөө ялах” 12 болон 24 цагийн гүйлтийн ялагч болж, Монгол Улсын спортын мастер цолны болзлыг хангасан тамирчин байв.
     
  • Отгонтэнгэр хайрхнаа мөрөө тамгалахаар 1000 гаруй километрийн холоос зорин очсон 27 уулчныг салбартаа Сэнгүүн нэрээрээ хоногшсон уулын спортын мастер Н.Сүрэнжав ахалж явсан юм. Тэр Монголын скайринингийн холбооны тэргүүн, Монголын уулын аялагчдын клубүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Дэлхийн ноён оргилуудын нэг Африкийн Килиманжаро, Алтайн таван богд, Дэлгэрхаан, Цамбагарав, Асралт, Отгонтэнгэр, Сутай хайрхны оргилд мөрөө тамгалсан, шилдэг уулчин, аялагч нэгэн байв. Анд нөхөд, уулын спортынхон дундаа хүний дээд, сайхан сэтгэлтэйгээрээ гайхагдан, хүндлэгддэг бөгөөд Сэнгүүн нэрээр нь түүнийг олон хүн мэднэ. Уулынхан түүнийг ‘Сэнгүүний өвөлжөө нь Асралт хайрхан, зуншлага нь Алтай Таван богд, Сутай, Отгонтэнгэр хайрхнууд байжээ’ хэмээн дурсчээ.
     
  • Аялагчдын багийн хоёрдугаар ахлагч, гишүүн нь “Хайрхан аялагч клуб”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Барсболд байжээ. Тэрээр Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Эльбрус, Монгол Улсын дээвэр Алтай Таван богдоос эхлээд Цамбагарав, Асралт, Отгонтэнгэр, Сутай хайрхнаа хэд хэдэн удаа авирсан, шилдэг уулчин-аялагч байсан юм. Талийгаач адал явдалт олон аялал, алхалтыг зохион байгуулж, олон хүнийг аялалд дурлуулсан нэгэн гэдгийг анд нөхөд нь дурсан ярив. Г.Барсболд нь ХБНГУ-д техникийн чиглэлээр мэргэшсэн, Монгол Улсын шилдэг боловсон хүчин байжээ.
     
  • Хавтангийн нуралт гэх байгалийн гэнэтийн ослоор бурхны орноо одсон 17 уулчны нэг нь талийгаач Н.Баттулга. Тэрээр “Хамтдаа алхацгаая” клубийн гишүүн, инженер мэргэжилтэй. Зам, тээврийн хөгжлийн яаманд Техник технологийн хэлтсийг удирдан ажиллаж байсан талийгаач “Smart tree” төслийг боловсруулж, Сөүлийн гудамжинд гэрэлтүүлэг суурилуулахаар ажиллаж байв. Н.Баттулга нь мөн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хороо, 2008 оноос Авто тээврийн газрын техник технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тэр клубийнхээ удирдан манлайлагч бөгөөд Монгол Улсын шилдэг инженерүүдийн нэг байжээ.
     
  • Мэргэжил, сонирхлоороо нэгдсэн залуусын дунд 29 настай, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж явсан нэгэн залуу байсан нь Б.Бат-Эрдэнэ юм. “Их монгол аялал уул” клубийн тэргүүн, загвар өмсөгч. Сошиал медиа, маркетингийн салбарт амжилттай ажиллаж байсан тэрээр 2013-2014 онд Монголын залуучуудын холбоонд Төвлөрсөн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2015 оноос Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хүлээн ажиллаж байжээ. Олон нийт, нийгмийн үйл хэрэгт манлайлан оролцдог. Өнчин, ядуу хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аяныг удирдан зохион байгуулдаг байжээ. “Ээжтэй хайртай өдөрлөг”, “Мартагдашгүй намар” ургац хураалтын аян, “Мөнх цохилох зүрх” хандивын аяныг зохион байгуулахад тэр гар бие оролцож, залуусыг уриалдаг байсныг санаж байна. Б.Бат-Эрдэнэ өмнө нь Баатар хайрхан, Сутай хайрхнаар аялж байсан бөгөөд гүйлтийн спортоор хичээллэдэг, гэрэл зураг авах сонирхолтой байв.
     
  • Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх, ‘Эл Ар Си Эм Такс ТМЗ’ ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Г.Лхагва-Очир амь эрсэдсэн уулчдын нэг байжээ. Талийгаач Монголын даатгагчдын холбооны гишүүн “Хаан Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Хаан Даатгал” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн байв. Тэрээр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн бөгөөд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль, Их Британи улсын Вурстер хотын Вурстерийн их сургуулийг тус тус төгссөн, Монголын хугацаагүй эрхтэй нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн зөвлөх байсан юм.
     
  • Уулын болон дугуйн спортын мастер Б.Батболд. Тэр бидний дунд байсан бол ирэх жил 30 нас хүрэх байлаа. Уулын оргилд хүрэх шиг их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн нэгэн байв. Он гарснаас хойш тэрээр Асралт хайрхан, Алтай таван богд Хүйтний оргил, Отгонтэнгэр хайрханд амжилттай авирчээ. 
     
  • Туршлагатай уулчдын Д.Ариунбилэг Асралт хайрхан, Хэнтий нурууны ноён оргил, Алтай таван богдод аялж байжээ. Хамгийн сүүлд охины хамт Богд ууланд аялж, морин хуур тоглосныг найзууд нь дурсан ярив. 
     
  • Эрхүү хотын их сургуулийг төгсч, гадаадад олон жил амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй Ц.Янсан тэр өдөр Отгонтэнгэр хайрханыг зорин явжээ. Талийгаач Монгол Алтайн нуруу, Баатар хайрхан, Сутай хайрханд аялж, авирсан туршлагатай байв. Тэр уулын спортод “хорхойтой” нэгэн бөгөөд клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нөхдөө уриалж, манлайлдаг,  шилдэг менежер байжээ.
     
  • Гүйлтийн болон уулын спортын ахмад тамирчин Н.Лхагважавыг нөхөд нь Лхагваа эгч хэмээн хүндэтгэдэг. Нийтийн марафоны 21 километрийн төрөлд түрүүлж алтан медаль, “Тал нутгийн монгол” марафоны 30 километрийн төрөлд дөрөвдүгээр байрт шалгарч байсан, дайчин эмэгтэй байв. Тэрээр Улаанбаатар төмөр замд насаараа ажиллаж байгаад, тэтгэвэртээ суугаад удаагүй байжээ.
     
  • Уулчдын нэг О.Гантөмөр Стэнфордын их сургуулийг төгсчээ. Түүний амьдралын 36 дахь намар энэ жил тохиож байв. 

Өндөр уулаа шүтэж, ус агаараа дээдэлж, эрүүл амьдрал, нөхөрлөлийг дээдэлж, түүгээрээ амьдралдаа баяр баясгалан нэмж явсан ийм сайхан хүмүүс бурхны орныг зорьжээ. Тэд өнөөдөр бидний дунд байхгүй ч өндөр дээд хайрхнаараа тэврүүлэн, үүрд амгалан нойрсож байгаа. Ум сайн амгалан болтугай. Сэтгэлийн зул өргөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж