Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болохуйд

Хуучирсан мэдээ: 2017.11.03-нд нийтлэгдсэн

Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болохуйд

Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болохуйд

Өнгөрсөн нийгмийн шүтээн, өнөөгийн террор болсон Лениний хөшөөг одоогоос таван жилийн тэртээд Октябрийн баярын өмнөх өдөр /2012.10.24-нд. Оросын хуучин тооллоор Октябрийн хувьсгал аравдугаар сарын 25-нд болсон. Үүний дараа нийтийн тоололд шилжсэн/ хотын эрхийг авсан ардчилагчид ‘Улаанбаатар’ зочид буудлын өмнөөс буулгасан билээ. Нэгэн цагт шүтэж, бишэрч, зулын оронд зургийг нь тахиж ирсэн ахмадууд буруу шаах нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг Орос орон ч буруутгах хөшөө, дурсгалыг нь биднээс өмнө буулгасан нь он цагийн үйлдэл гэлтэй.

Пролетарийн аугаа их хувьсгалч В.И.Ленинийг манай эриний хамгийн агуу хүмүүнд тооцож байснаа өнөөдөр хамгийн аймшигт алуурчин гэж бид биш оросууд нь өөрсдөө бичих болжээ. Тэр ч бүү хэл Октябрийн хувьсгалын мөн чанарыг үгүйсгэж, эх орноосоо урвагч, гадны гар хөл болсон солиотой, галзуу этгээдүүдийн үйлдэл гэх авай.

Нийгэм, үзэл бодол, өнгөрсний нууц ил болон өөрчлөгдөхийн хэрээр өмнөх тогтолцоогоо ч өөрөөр харж эхэлжээ.
Хувьсгалыг түүчээлсэн В.И.Ленин, Каменев, Лев Троцкий, Г.Зиновьев, Н.И.Бухарин, А.Коллонтай, Иоффе, Леонид Красин, Раскольников, Короленко нарт нийтлэг нэг зүйл байсан нь жүүдүүд байжээ. Хувьсгалын дараа удирдах албан тушаалд 400 орчим жүүдийг тавьсан гэх баримтыг ч өнөөгийн түүхчид нотлох болжээ. Нөгөөтэйгүүр энэ хувьсгалыг жүүдийн хувьсгал гэж ч бичих болов.

Октябрийн хувьсгал гэж Орос оронд 1917 онд Оросын бүгд найрамдах улсын Түр засгийн газрын эсрэг Оросын большевикуудын зохион байгуулсан төрийн эргэлтийг хэлдэг байсан бол өнөөдөр бас л өөрөөр тайлбарлах болов. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалаар бүрдсэн Түр засгийн газар  большвекуудыг далдуур дэмжсэн гэх үндэслэлийг ч Оросын судлаачид тавих болсон нь сонирхол татна.

Хувьсгалчдын хэрэглэж байсан зэвсэг Оросын армийн зэвсэглэлд байгаагүйгээр барахгүй  Германы мөн Швейцарийн үйлдвэрлэлийн автомат гар буу байсан нь энэ бүхнийг холбоотнууд буюу Франц, Англиас удирдаж байсан гэх нэгэн сэжмийг өгөх шиг.

Хааны эмч байсан Боткины охин Татьяана Боткина “Хааны гэр бүлийн тухай дурсамжууд” номондоо 1914 онд өрнөсөн ажил хаялтын талаар “Ажилчид ажлаа хаяцгааж байсан… Ажил хаягчдаас яагаад тэд энэ бүх үймээн самууныг эхэлсэн тухай шаргуу байцааж, асууж байсан.
-Харин бид өөрсдөө ч мэдэхгүй байна. Бидэнд хүн бүрт гуравтын дэвсгэртүүд өгөөд “трамвайнуудыг, хотын цагдаа нарыг балба” гэж л хэлж байсан” гэдгийг дурджээ. Дэлхийн I дайны өмнө Орост өрнөж байсан үйл явц ямар ч учир шалтгаангүйгээр гарч байсан нь хачирхалтай. Тэр дундаа большевикуудтай огтоос хамааралгүйгээр хар аяндаа ч гарч, өнөөгийн мөнгөний жагсаал шиг зүйлийг хийдэг байсан талаар баримтууд бишгүй дэлгэгдэж байна.

Хиад божигон Д.Болорын орчуулсан Николай Стариковын “1917 оны Октябрийн хувьсгалын нууц” номонд тэмдэглэснээр, 1917 онд Орост хүнс, талх элбэг байсан ч хоёрдугаар сард нийлүүлэлт нь доголдож эхэлсэн байна. Харин хоёрдугаар сарын 19-нд эрх баригчид хүнсний нийлүүлэлт доголдож эхэлсэн учраас талхыг картаар олгохоо зарлаж, Петроградад удахгүй өлсгөлөн эхлэх тухай хэн тараасан нь мэдэгдэхгүй, үндэслэлгүй цуу яриа тархав. Гэхдээ энэ үед хар талх л ховордсоноос бус цагаан талх чөлөөтэй байжээ. Тэгвэл энэ бүх эмх, замбараагүй байдлыг жирийн ажилчид гаргасангүй. Ордны эргэлт хийхээр бэлтгэж байсан хуйвалдагч нар ч, большевикууд ч гадарлаж байгаагүй юмсанж.

Харин Ленин хоёрдугаар сарын эмх замбараагүй байдал, хувьсгалын талаар “Хоёр, гуравдугаар сарын хувьсгалын бүх үйл явц бүхэлдээ II Николайг VI Вильгельмтэй тусдаа тохиролцоонууд хийхэд нь, мөн тусдаа энхтайвны гэрээ байгуулахад нь саад болох гэж дээхэн үеэс хамгийн эцсийнхээ хүчин чармайлтуудаа тавьж байсан Английн болон Францын Элчин сайдын яамд өөрсдийн агентууд болон “холбоо сүлбээнүүд”-тэйгээ хамтран шууд хутгалдан оролцож, октябристууд болон кадетуудыг талдаа оруулж армийн болон Петербургийн гарнизонй генералууд, офицеруудын нэг хэсэгтэй хуйвалдаж, ялангуяа Николай Рамоновыг хаан ширээнээс  нь авч хаяхын тулд тэр хуйвалдааныг зохион байгуулж байсныг илтгэн харуулдаг” гэж бичсэн байгаа юм. Харин Петроградад байрлаж байсан Францын Цэргийн хэргийг эрхлэх газрын тэргүүн Жанен энэ талаар,  Павловын бэлтгэл салааны цэргүүдийг офицерууддаа захирагдахгүй байхыг ятгаж, зөвшөөрсөн цэргүүдэд 25 рубль өгч байсан английн тусгай агентуудын талаар өөрт нь илтгэж байсныг дурсчээ.
Өмнөх нийгэмд бид 1911 оны хувьсгалд ач холбогдол өгдөггүй, харин 1921 оны хувьсгалыг хэтэрхий дөвийлгөх төдийгүй зарим оролцогсдыг нь харлуулан буддаг байсны нэгэн адилаар Оросын коммунист нийгмийн түүхчид 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалыг үгүйсгэж, төдийлөн ач холбогдолгүй гэж үздэг. Харин бурангуй хаант засгийг түлхэн унагаасан бүх гавьяаг большевикуудад оноохыг илүүд үздэг байв. Энэ үзэл манайд эсрэгээрээ эргэх болсонтой адил тэд ч өнөөдөр байр суурь нь өөрчлөгджээ.

Тэгвэл 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалаар амиа алдсан хүний тоо нийт 1433 байсан төдийгүй жирийн иргэд гэхээсээ илүүтэй цагдаа, цэргийнхэн, хууль сахиулагчид гэж Николай Стариков номондоо тэмдэглэжээ.
Тэрбээр, хоёрдугаар сарын хувьсгалын ард “холбоотнууд” болох АНУ, Итали, Франц, Англи байсан нь Түр засгийн газрын байгуулагдсан даруйд дуу дуугаа авалцан албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтийг хийжээ.

Нөгөөтэйгүүр хувьсгалаар байгуулагдсан Түр засгийн газрын №1 шийдвэр нь Оросын армийг бэхжүүлэх бус салгаж, бутаргах, удирдлагагүй болгож, бусдын хоол болоход чиглэсэн байв.

“Түр засгийн газрын 1917 оны гуравдугаар сарын 1-ний тушаал №1”-ийн хэсгээс…

  • 1.Бүх ротууд, батальонууд, салаанууд болон анги нэгтгэлүүд, морьт цэргийн хороод, цэргийн удирдлагын бусад бүх албууд ба далай тэнгисийн усан цэргийн флотын хөлөг онгоцууд дээр цэргийн хороодыг доод тушаалын цэргийн албан хаагчдаас нэн даруй сонгож байгуулах. 
  • 5. Бүх төрлийн зэвсэг ротын ба батальоны мэдэлд хяналтанд байх ёстой ба ямар ч тохиолдолд бүүр шаардлага тавьсан ч офицеруудад гарган өгч болохгүй. 
  • 6. Анги хэсгүүд дээр байхдаа мөн өөрсдийн албан үүргээ биелүүлж байхдаа цэргүүд хатуу чанга цэргийн сахилга батыг сахиж мөрдөх ёстой. Албанаас гадуур өөрсдийн улс төрийн нийтлэг иргэний болон хувийн амьдралдаа цэргүүд иргэний бүх эрхийг эдлэх ёстой. Мөн албанаас гадуур таарахдаа номхон зогсох, заавал ёслох байсныг цуцалж байна.  
  • Ийм тушаал гаргаснаар ямар ч туршлагагүй нэгэн салааг удирдах болсон төдийгүй хэний ч үгэнд орохоо больж, армид эмх замбараагүй байдал үүсчээ. Дээр нь дараагийн орны хүнийг нь томилолгүйгээр бүх амбан захирагчдыг ажлаас нь чөлөөлж, энэ улс “эзэнгүй” болжээ.  
  • Харин гуравдугаар сарын 6-нд Орос даяар шоронгийн ялтнуудад өршөөл үзүүлэв. Дахиад л эмх замбараагүй байдлыг өрдөх нь тэр.  

Үүнтэй зэрэгцэн Ленин эх орондоо очихыг хүсч, ингэхдээ Германаар дамжин очихын тулд холбоо сүлбээ тогтоож, цахилгаан захидлаар харилцаж байсан баримтууд ил болж байна. Түүхийн баримт, тэр дундаа олон улсын үйл явдлыг нууцлахад туйлын бэрх санж. Түүнийг англичууд германтай тохиролцон нутаг нь явуулахаар болсон бөгөөд ингэхдээ немцүүд мөнгөөр хангахаар болсон байж. Харин Түр засгийн газраас тухайн үеийн “Petit Parisien” сонинд Германы нутаг дэвсгэрээр дамжин ирсэн Оросын цагаачдыг эх орноосоо урвасанд тооцно гэх мэдээллийг гаргасан нь бас л хуйвалдааны нэгэн өнгөлөн далдлалт болон хувирах нь тэр. Гэхдээ тэд ч мөн хуйвалдсан байсан болохоор зориуд энэ мэдээллийг Ленин болоод германчуудад зориулж гаргуулсан гэж Николай Стариков тэмдэглэсэн байна.  Энэ нь баталгаажсан бөгөөд Түр засгийн газрынхан урвагч гэж хүлээн авах нь байтугай найр тавин угтсан аж.

Тэр ч бүү хэл вокзал дээр засгийг түлхэн унагахыг уриалсан ч зүгээр өнгөрөөв. Энэ нь түүнийг Түр засгийн газраас дэмжиж байсан төдийгүй урьдаас бүхнийг тохиролцсон гэж судлаачдыг дүгнэхэд хүргэжээ.
Ийнхүү нэгэн өөр түүхийг бид бус тэд бичих болжээ. Эцэстээ иргэний дайн хэмээн бичигдэх болсон энэ дайн, хувьсгалыг холбоотнууд нь санаачилж, Оросыг сүйрүүлэх төлөвлөгөө байсан болж таарав. Аугаа хувьсгал арчаагүй хуйвалдаан болж, их багш ичгүүргүй адгийн зандалчин болох нь тэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж