Бичил уурхайн тухай өгүүлэхүй

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Бичил уурхайн тухай өгүүлэхүй

Бичил уурхайн тухай өгүүлэхүй

Монгол улсад ашигт малтмалыг хувиараа олборлох үзэгдэл өнгөрсөн зууны 90-ээд оны сүүл үед бий болж, өнөө үед үзэгдэл төдий биш байнгын үйл явдал болон үргэлжилж хэд хэдэн хэлбэр дүрсээр оршин байна.

Үзэгдэл төдий байх үед нь шинэ мянганы эхний жилүүдийн байгалийн гамшигт зуд ташуур өгч, олон тооны малчин иргэдийг үгүйрүүлэн хоосруулснаар амьжиргаанаасаа салсан мянга мянган малчид аргагүйн эрхэнд хувиараа ашигт малтмал олборлох (ХАМО) хууль бус зам руу өөрийн эрхгүй орж байлаа. Гэхдээ дан ганц малчид ч бус ажилгүйчүүд, орлого багатай иргэд, сэхээтнүүд хүртэл оролцож, зарим нэг олз ашиг хайгчид ч ханцуй шамлан орж, нийт тоо нь улсын хэмжээнд 100 мянга давж, малгүй болсон иргэд, ажилгүйчүүдийн амьдрах арга нь болсон хэдий ч нийгэмд нэлээд тооны сөрөг үр дагаврыг бий болгосон.

Тухайн үеийн салбарын яамнаас ХАМО-дын үйл ажиллагааг зохицуулахыг оролдож түр журам гаргасан авч төдийлөн тусыг эс олж, хувиараа ашигт малтмал олборлох ажиллагааг зохицуулах нь төр, засаг, орон нутгийн засаг захиргааны шийдвэрлэхэд төвөгтэй томоохон асуудлын нэг болж хувирсан. Чухам ийм үед Швейцарийн Хөгжил, Хамтын Ажиллагааны Агентлагт ажиллаж байсан монгол сэхээтнүүдийн санаачилгаар Бичил уурхайг дэмжих төслийн баримт бичгийг боловсруулж, тус агентлагийн тусламж, дэмжлэгт тулгуурлан АМГТХЭГ-тай хамтран 2005 оноос хэрэгжүүлэх эхлэл тавигджээ. 

Төсөл хэрэгжүүлэгчид болон оролцогч талуудын зүгээс тухайн үед ХАМО-дын үйл ажиллагааг хуулиар зохицуулахаас наашгүй хэмээн үзэж дөрвөн жилийн туршид хууль боловсруулж батлуулах оролдлого хийсэн боловч төдийлөн амжилт олоогүй тул тусгай журам гаргаж, Засгийн газраар батлуулан мөрдөх тухай Бичил уурхайг дэмжих төслөөс 2007 онд гаргасан саналыг тухайн үеийн салбарын яам (ҮХЯ)-ны зүгээс тууштай дэмжиж, улмаар энэ ондоо багтаан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон асуудлыг Засгийн газрын баталсан журмаар зохицуулах тухай заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулах, төслийн багийн боловсруулсан Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам болон Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, ерөнхий заавар, ХАМО-дын нөхөрлөлийн дүрэм, Ашигт малтмал олборлох тухай сум, дүүргийн Засаг дарга ба тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загвар, Нэгж талбайн хэмжээг тогтоох аргачлал зэрэг баримт бичгүүдийг эрх бүхий, төрийн байгууллагуудаар батлуулах ажлыг амжилттай зохион байгуулснаар ХАМО-дын үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн гэж үзэж болно.

Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүдийг ХАМО-дын дунд болон орон нутгийн засаг, захиргаа, оролцогч талуудад таниулах, тайлбарлах, хэвлэх, нийтлэх, зарим орон нутгийн төр, захиргааны байгууллагатай хамтарч анхны нөхөрлөлүүдийг байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Тогтвортой бичил уурхайн төсөл (ТБУТ) гол үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд салбарын болон Хөдөлмөр нийгэм, хамгаалал, Эрүүл мэндийн яамд, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллагууд, холбогдох төрийн бус байгууллагууд боломжийн хэрээр дэмжиж, тусалж ирсэний дотор 2007 оноос АМГТХЭГ-ын бүрэлдэхүүнд Бичил уурхайн асуудал эрхэлсэн тасаг байгуулан ажиллуулсан нь бичил уурхайн асуудлыг төр, засгийн зүгээс хариуцах эзэнтэй болгосон чухал алхам байлаа. Мөн 2013 онд Бичил уурхайн дээвэр холбоо хэмээх ТББ байгуулагдан ТБУТ-ийн дэмжлэгтэйгээр ажиллаж байгаа нь ХАМО-дын хөдөлмөрийг зохион байгуулалтанд оруулах, тэдний хөдөлмөрийг бичил уурхайчдын хөдөлмөрийн хэлбэрт шилжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэхээс гадна цаашид ТБУТ-ийн үйл ажиллагааны залгамжлагч нь болохын дээр бичил уурхайг төр, нийгэмтэй холбох гүүр нь болох нигууртай.

Ийнхүү ТБУТ-ийн 10 гаруй жилийн хичээл зүтгэлийн үр дүнд ХАМО-дын үйл ажиллагааг бичил уурхайн ажиллагаа болгон өөрчлөхийн төлөөх үйлс, тэмцэл эргэлт буцалтгүй болж байна. Өнөө цагт зарим нэг ухаантай хүмүүс болон “том” уурхайчид ХАМО-дын үйл ажиллагааг байхгүй болгох ёстой хэмээн үздэг, ярьдаг. Үүнийг байхгүй болгох нь маш их бэрхшээлтэй, төвөгтэй ажил бөгөөд төдийлөн сайн арга хэмжээ ч бас биш юм. Зүй нь үзэгдэл төдий байхад нь таслан зогсоох ёстой байсан боловч тухайн үед чадаагүй билээ.

Одоогийн байдлаар энэ үйл явдал нь хоёр нэгээрээ хамтран үйлддэг, зөрчлийн шинжтэй нэг хэлбэр, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон төдий нэг хэлбэр, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бөгөөд бичил уурхайн зарим нэг элемент бүхий бас нэг хэлбэр гэсэн хэдэн янзаар үргэлжилж байна.

Зөрчлийн шинжтэй хэлбэр нь мөнөөх л “нинжа” нар бөгөөд тэдэнд авсан зөвшөөрөл, тогтсон газар, хамтын хөдөлмөр гэж үгүй, гар багажаар хулгана, зурам мэт ажиллаж, байгаль сүйтгэж, үйлдэл бүр нь зөрчил, сөрөг үр дагавар үүсгэнэ. Хүний тоогоор бусад хэлбэрт хамрагдагсдын тооноос хэд дахин олон (Үүнийг цаашид ХАМО-дын 1 дэх хэлбэр гэнэ).

Нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон төдий хэлбэр нь 5-аас дээш тооны ХАМО-чид нэгдэн Иргэний тухай хуулийн заалтын дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн зохион байгуулалтад орж “Нөхөрлөлийн дүрэм”, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг ерөнхийд нь удирдлага болгон ажиллаж байгаа хэдий ч сум, дүүргийн засаг дарга, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй албан ёсны гэрээгүй, газрын асуудлаа шийдвэрлүүлээгүй, гар багажаас төдийлөн ангижраагүй байдлаар, дөнгөж амьжиргаагаа залгуулах төдий ажилладаг хэлбэр юм (Үүнийг цаашид ХАМО-дын 2 дахь хэлбэр гэнэ). Ийм нөхөрлөлд хамрагдагсдын тоо нь 8-10 мянга орчим юм уу гэж барагцаалахаар байна. 

Нөхөрлөлийн зохион байгуулалттай, бичил уурхайн зарим нэг элемент бүхий хэлбэр нь нөхөрлөлүүд хамтран ажилладаг, газрын асуудлаа шийдвэрлүүлсэн, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу гэрээ, хэлцлээ хийсэн, нэлээд байнгын ажиллагаатай, дундаасаа хөрөнгө оруулалт хийж, зарим тоног төхөөрөмж худалдан авч ашиглаж байгаа, тодорхой хөдөлмөрийн бүтээмжтэй, “бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, заавар”-ыг бололцооны хэрээр мөрддөг, байгаль орчиндоо нөхөн сэргээлт хийдэг, нөхөрлөлийн гишүүд нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хийгээд амьжиргаанд нь дэвшил гарсан 5000 орчим иргэдийг хамарсан хэлбэр юм. Энэ хэлбэрийг “бичил уурхайн манлайлагчид” хэмээн өргөмжлөн нэрлэдэг аж (Үүнийг цаашид ХАМО-дын 3 дахь хэлбэр гэнэ). Тухайлбал, энэ хэлбэрт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын ордод ажиллаж байгаа нөхөрлөлүүдийн ажиллагааг нэрлэж болох юм. Энд тус бүр нь 8-10 гишүүнтэй, 40 шахам нөхөрлөл хамтран алт олборлож байгаа юм.

Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд ХАМО-дын 450 орчим нөхөрлөл ажилладаг мэдээлэл байна. Үндэсний статистикийн хорооноос 2012 онд 20-иод үзүүлэлт, 40 шахам хүснэгтээр бичил уурхай эрхлэгчдийн судалгааны нэгдсэн тайлан гаргажээ. Ийм хэмжээний тайлан гаргахуйц нөхцөл бололцоо, өгөгдөл байгаа нь ХАМО-ын үйл ажиллагааны талаар улс орны хэмжээнд хэрхэн судалсан, зохицуулсан, төрийн болон төрийн бус байгууллагууд хэр зэрэг анхаарч ажилласны илэрхийлэл гэж үзэх боломжтой. Энэ судалгаагаар зохион байгуулалттай ашигт малтмал олборлогч 13.4 мянган иргэд жилд 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 25.3 тэрбум төгрөгийн орлого олж, улсад 195.5 сая төгрөгийн татвар төлсөн байхаас гадна 67.5 хувь нь даатгалд хамрагдсаны дээр 18.4 хувь нь өөрийн орон нутгийн хөгжилд мөнгөөр болон биеэрээ нэмэр хандив оруулсан байх юм. Мөн жилд 360 кг алт, 150 мянган тонн нүүрс, 40 мянган тонн жонш, 1062 тонн давс зэрэг ашигт малтмал олборложээ. Энэ бүхэн бол яахын аргагүй ахиц, дэвшил мөн.

Гэхдээ одоогоор бичил уурхай, бичил уурхайчдын аль аль нь байхгүй байгаа гэж үзэж болно. Дээр дурьдсан ХАМО-дын 3 хэлбэрийн аль нь ч бичил уурхайчид биш. Эдгээр ХАМО-дыг хавтгайд нь бичил уурхайчид мэтээр нэрлэж, элдвээр буруутган шүүмжилж, бичил уурхайн тухай ойлголт, ач холбогдлыг үнэгүйдүүлэхийг зөвшөөрөмгүй байгаа юм.

Манай орны нөхцөлд “Тогтсон техник-технологи ашиглан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан нөхцөлд, үр ашигтай үйл ажиллагаа эрхлэн, байгаль, нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээдэг, хоногт 25 тонн хүртэлх жинтэй хүдэр буюу хатуу ашигт малтмал олборлох эсвэл шороон ордоос хоногт 200 шоо метр хүртэлх хэмжээний уулын ажил гүйцэтгэх хүчин чадал бүхий уурхайг бичил уурхай гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Үүнээс гадна бичил уурхай нь том үйлдвэр уурхайгаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, илэрц, урьд өмнө ашигласан уурхайн талбай дахь олборлолтын болон баяжуулалтын технологийн хаягдлаас үүссэн үүсмэл орд зэргээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэх, эсвэл ашиглаж байгаа уурхайн аль нэг хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцож ажиллахаар заагдсан байна.

Дээрхи ХАМО-дын 3 дахь хэлбэр нь ашиглаж буй газар, талбайн хувьд тохирч байгаа боловч эдийн засгийн агуулгагүй, олборлолтын ямар ч батлагдсан технологи байхгүй, бичил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлага бүрэн хангаагүй, экологийн баримжаагүйгээр ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бичил уурхайн эдгээр эрх зүйн орчин бүрдэж, хэрэгжихгүй байгаагийн улмаас бичил уурхайн тодорхойлолт, болзлыг хангахгүй байнаа гэсэн үг.

Бичил уурхайн хууль, эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн боловч эдийн засгийн, техник-технологийн, экологийн эрх зүйн орчнууд хараахан бий болоогүй байна. Эдийн засгийн эрх зүйн орчинд хөрөнгө оруулалт, түүний эх үүсвэр, үнэ, өртөг зардал, ашиг, бүтээгдэхүүний шинж чанар, зах зээлийн хэрэглээ, шаардлага, тээвэр, ложистик зэрэг олон асуудлыг боловсруулсан бодлого, шийдлүүд орно.

Техник-технологийн эрх зүйн орчинд ажил гүйцэтгэх арга аргачлал, эрэмбэ дараалал, цаг хугацаа, зай хэмжээ, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг асуудлын зөвшөөрөгдсөн, албажуулсан бодлого, шийдлүүд (технологийн үйл ажиллагааг бүрдүүлдэг процесс тус бүрийн заавар, паспортууд, мэргэшүүлэх сургалтын систем, аюулгүй ажиллагааны зааврууд г.м) орно. Эдгээрээс зөвхөн “Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, заавар” батлагдсан боловч мөрдөж, бүрэн хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхийн төлөө санаа тавих, хянах систем байхгүй байна.

Экологийн эрх зүйн орчинд бичил уурхайн үйл ажиллагаанд өртсөн, эвдэрсэн газрын гадарга, хэвлий, байгаль орчныг нөхөн сэргээх, экологийг сайжруулахтай холбогдсон асуудлыг боловсруулсан, албажуулсан бодлого, шийдлүүд орно. 

Эдгээр эрх зүйн орчныг бүрдүүлэхэд цаг алдалгүй, санаа тавин ажиллаж, оролцогч талуудыг татан оролцуулах, технологи боловсруулагч мэргэжлийн байгууллагуудын хүч, бололцоог ашиглах шаардлагатай.

ХАМО-дын 3 дахь хэлбэр дээр нэмээд энд дурьдсан 3 чухал эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлснээр бичил уурхай, бичил уурхайчин бий болно. Үүнтэй холбоотойгоор бичил уурхай мөн эсэхийг тодорхой болзол, шалгуураар шалгаж, тэнцсэнд нь гэрчилгээ олгож бүртгэлд авдаг байвал зохистой. 

ХАМО-дын 1 дэх, 2 дахь хэлбэрүүд нь заавал бичил уурхайн дамжлагууд байх албагүй бөгөөд цаашдаа бичил уурхай нь эхнээсээ л болзол, шалгуураа хангаад явдаг болох ёстой. Ийм болтол багагүй цаг хугацаа орох нь гарцаагүй ч аль болохоор наашлуулах нь оролцогч талуудын идэвх чармайлтаас шууд хамаарах юм.

Н.Даваасамбуу

МУ-ын Зөвлөх инженер, доктор (Ph.D)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж