Японы Ерөнхий сайдын зөвлөх Эити Хасегавагаар ахлуулсан бизнесийн баг Курылийн арлуудаар зочилж, оросуудтай хамтарсан бизнес эрхлэх боломжтой газруудтай танилцаж судалсан байна. ОХУ дахь Японы ЭСЯ-ны мэдээлснээр япончууд нийтдээ 57 газартай танилцжээ.
“Энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй байлаа. Ялангуяа аралд хэрэгжүүлэх таван төслийг тодорхойлоход тустай байлаа. Хоёр улс хамтарсан бизнес эрхлэх нь Энх тайвны гэрээ байгуулах үйл явцад хувь нэмрээ оруулна. Хамтрагч талдаа хохирол учруулахааргүй, хууль эрх зүйн хүрээнд багтсан төслийг тодруулахыг Японы Засгийн газар эрмэлзэж байна” хэмээн Японы ЭСЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Бизнес багийн бүхэлдэхүүнд Японы хувийн хэвшлийг болон төрийг төлөөлсөн 54 хүн багтсан бөгөөд тэд Кунашир, Итуруп, Шикотан арлуудад зочилсон байна. Төлөөлөгчид хэд хэдэн баг болон хуваагдаж, 57 газрыг үзэж танилцжээ.
Энэ бол хоёр удаагийн баг бөгөөд эхнийх нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Курылд ирсэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ