Монголын хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээр анхны хувьцаа гарч, олон нийтэд нээлттэй хувьцааг санал болгосон онцлох үйл явдал арваннэгдүгээр сарын 1-нд боллоо. Мэдээлэл технологийн чиглэлээр зургаан жил үйл ажиллагаа явуулж, энэ зах зээлд тэргүүлэгч болсон “Айтүүлс” ХК хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж буйгаараа анхдагч болж чадав. Тэд 2011 оноос хойш интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж, 2015 онд олон улсын TIER II стандартын дата төвийг нэвтрүүлэн, 2016 онд дата төвийнхөө хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн, салбартаа тэргүүлэгч компани болж чаджээ.
“Айтүүлс” ХК-ийн хувьцааг арваннэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд худалдан авах боломжтой. Ширхэг бүрийн нэрлэсэн үнэ нь 100 төгрөг. Нийт хувьцааныхаа 38,86 хувь буюу 13,387,980 ширхэгийг олон нийтэд санал болгож буй.
Хөрөнгийн биржид мэдээлэл технологийн салбарын анхны IPO амжилттай үргэлжилж чадвал олон мэдээллийн технологийн компаниуд хөрөнгийн зах зээлд хөл тавих боломж нээгдэх юм. Тиймдээ ч салбартаа анхдагч болсон “Айтүүлс” ХК-ийн хамт олон IPO гаргаснаар Дархан-Уул аймагт дэвшилтэт технологи бүхий Модуляр дата төвийг байгуулахаар зорьж байгаа юм байна. Шинээр байгуулах дата парк нь 2017 онд олон улсын TIER III стандартыг хангасан, дата төвийн паркийн байнгын аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, аливаа гамшиг, хадны халдлагаас хамгаалагдсан орчин бүхий барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг санхүүжүүлэхээр хувьцааныхаа 38,86 хувь буюу 13,387,980 ширхэгийг олон нийтэд санал болгож буй. Хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашигтай ажиллахыг хүсдэг. Сүүлийн жилүүдэд мэдээлэл технологийн салбарын IPO маш хурдацтай өсч байгаа. Дэлхийн маш олон мэдээлэл технологийн компаниуд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах нь хэвийн үзэгдэл. Тухайлбал, facebook, google, yahoo зэрэг технологийн том компаниуд дэлхийн зах зээл дээр IPO гаргадаг. “Айтүүлс” ХК нь Монголдоо анхдагч болж байгаа юм.
Айтүүлс” ХК хувьцаа гаргаж байгаатай холбогдуулан эдийн засагч Ч.Хашчулуунаас байр суурийг нь сонирхлоо.
эдийн засагч Ч.Хашчулуун:
-Сүүлийн үед санхүүжилтийн өртгийг бууруулах асуудал идэвхтэй яригдаж байна. Энэ асуудлыг шийдэх нэг гарц бол хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох явдал юм.
Ойрын хугацаанд үндэсний компаниудын IPO гаргах санаачлага идэвхжиж байгааг хараад баяртай байгаа. Хамгийн сүүлд гэхэд “Айтүүлс” ХК Хөрөнгийн бирж дээр IPO гаргасан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж нилээн татаж байх шиг байна. Учир нь мэдээллийн технологийн салбар бол хамгийн хурдацтай өсч буй салбар. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хийгдэж буй хөрөнгө оруулалт, IPO энэ салбарт түлхүү хийгдэж, хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтыг IT компаниуд тэргүүлж байна. Бусад салбарын өсөлтөнд ч энэ салбарын оролцоо чухал. Хэрэв IT-ийн салбарыг хөгжүүлэхгүй бол бусад салбарын өсөлтийг бий болгож чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Эдийн засгийн хөгжлийн суурь болж буй энэ салбарт Монголд анхны буюу iTools ХК-ийн IPO хийгдэж байгаа нь маш зөв зүйл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл бидний хөрөнгө оруулалтын чиг хандлага дэлхийн чиг хандлагатай нэг зүгт харж эхэлж байна. Олон улсын биржүүдийн жагсаалтыг харахад багагүй хувь нь технологийн компани байдаг. Харин бид мэдээллийн технологийн компанигүй биржтэй байсан бол ийнхүү АйТүүлс ХК хөрөнгийн биржийн жагсаалтанд орж ирэн Монголчууд хөрөнгө оруулалтын багцдаа мэдээллийн технологийн хувьцаа шинээр нэмэх боломж бүрдэж буй нь нь манай хөрөнгийн зах зээлийн хувьд ч нэгэн шинэ алхам юм.
Интернетийн хэрэглээ хурдацтай өсөхийн хэрээр датаны хэрэглээ, хэмжээ даган асар хурдан өсч байгаа бөгөөд датагаа үр ашигтай ашиглаж чадсан бизнес эрхлэгч зах зээлд түрүүлж алхах тийм цаг үе ирээд байна. Иймээс энэ компани төлөвлөсөн үзүүлэлтэндээ хүрэх бүрэн боломжтой гэж бодож байна.
Ш.ЧИМЭГ