Д.Цогтбаатар Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.11.02-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Д.Цогтбаатар Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулав. Тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд гишүүн орнуудаас Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллахыг Европын Холбооны талаас хүсэв.

Уулзалтын дараа Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх тухай “Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо болон Европын Атомын Эрчим Хүчний Нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурав. Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газар байгуулагдаж буй нь Монгол Улс, Европын Холбооны харилцаанд гарсан томоохон дэвшил, манай гадаад харилцаа, дипломат албанд тохиож буй түүхэн үйл явдал болохыг Гадаад харилцааны сайд онцолсон.

Монгол Улс Европын Холбоог өөрийн “гуравдагч хөрш” хэмээн үзэж, улс төрийн яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж ирсэн. Энэ бодлогыг цаашид тогтвортой үргэлжлүүлж, хоёр талын харилцаагаа түншлэлийн түвшинд хүргэхийг зорьж байна. Европын Холбоо болон түүний гишүүн орнууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг эхнээс нь тууштай дэмжиж, санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэн манай улстай хамтын ажиллагаа идэвхтэй хөгжүүлж ирсэн.

Европын Холбоо нь манай хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны гурав дахь том түнш юм. Өнөөдрийн байдлаар Европын Холбооны 800 гаруй компани 3,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг манайд хийсэн нь Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 13 орчим хувийг эзэлж байна. Монгол Улс, Европын Холбооны хоорондын хоорондын худалдаа 2016 онд 1 тэрбум гаруй ам.доллар болсон нь, манай гадаад худалдааны 8 хувьтай тэнцэж байна. Цаашдаа бүхий л салбарын хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэмдэглэв.

Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй тус холбооны 28 гишүүн орны Элчин сайд, төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Засгийн газрын зарим гишүүн, Улаанбаатар дахь Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газруудтай уулзалт хийж байгаа юм.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж